Хүүхэд хамгааллын баг үүргээ сайн гүйцэтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн баяр наадмын өдрүүдээр уралдаанч хүүхдийн эрх хамгааллын асуудлаар хүүхэд хамгааллын өргөтгөсөн баг ажиллалаа.
Энэ жилийн наадмаар нийт 6 насанд 672 морь уралдаж, давхардсан тоогоор 257 хүүхэд хурдан морь унав. Бороо хур ихтэй, хальтиргаа гулгаа ихтэй байсан ч морь, хүүхэд гэмтэл бэртэлгүй эсэн мэнд ирж сайхан наадам боллоо. Уралдааны явцад соёолон, даага насанд тус тус 1 хүүхэд, нийт 2 хүүхэд унаж, хөнгөн гэмтэл авч, унасан хүүхдийн кейс бүртгэл хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эцэг эх, уяачдад хүлээлгэн өгсөн байна. Хүүхэд хамгааллын өргөтгөсөн багийн гишүүд өөрсдийн хуваарилагдсан чиг үүргийн дагуу ажилласан ба уралдаанд оролцох үеэр 7-с дээш насны хүүхэд хурдан морь унах, уралдаанч хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулсан байх, уралдааны замд хамгаалах хэрэгслийг бүрэн өмссөн байх зэрэг шаардлагыг уяачдад тавьж, хяналт хийж, гэнэтийн ослын даатгалгүй, хамгаалах хэрэгсэл дутуу зэрэг 14 зөрчилийг арилгаж, уралдаанч хүүхдүүдийг 100 хувь хамгаалах хэрэгсэлтэй уралдууллаа.