Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах саналаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-02 11:02:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз, Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл, болон Европын холбооны Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Нийслэлийн Засаг дарга Д.СумъяабазарЕвропын холбоо нь манай улсын гуравдагч хөрш. Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих өөрчлөлт, шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэн түнш гэдгийг онцлоод Европын холбоо, түүний гишүүн орнуудтай хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүх салбарт эрчимжүүлэхийг эрмэлзэж байгаагаа дурдлаа.


Түүнчлэн НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлаар манай улсын хүлээсэн үүргийг биелүүлэхэд анхаарч буйг дурдаад, нийслэлийн ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлэх саналаа илэрхийллээ.


Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл агаарын бохирдол, хог хаягдлын менежмент, хүний эрх зэрэг салбарт чиглэсэн төсөл хөтөлбөрт Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг дурдав. Мөн хамтын ажиллагаанд ач холбогдол өгч, тогтвортой хөгжлийн бодлогыг хангана гэдэгт итгэж байна хэмээжээ.

Уулзалтын үеэр талууд ногоон хөгжлийн төслүүдийг Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлэхэд тус салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулах санал гаргаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг судлахаар тохиролцсон аж. 

Холбоотой мэдээ