"Лалын улс"-ынхан Иракт халдлага үйлдэн 15 хүнийг хөнөөжээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-07-25 10:34:20

БАГДАД. /АР/. Иракийн нийслэл Багдад хотод амиа золиослогч дэлбэрэлт үйлдэн 15 хүнийг хөнөөж, 30 хүнийг шархдуулжээ. Уг халдлагын хариуцлагыг “Лалын улс” босогчдын бүлэглэл өөртөө хүлээсэн байна.

Уг дэлбэрэлт өчигдөр болжээ. Нэгэн этгээд биедээ бэхэлсэн тэсрэх төхөөргийг шиитүүд голдуу амьдардаг дүүргийн аюулаас хамгаалах хүчний шалган нэвтрүүлэх цэгийн дэргэд дэлбэлсэн байна.

Аюулаас хамгаалах хүчнийхний мэдэгдсэнээр “амь үрэгдэж, шархадсан хүмүүсийн ихэнх нь энгийн иргэд болон цагдаа байсан” гэв.

Лалын суннитын урсгалыг шүтдэг босогчдоос бүрдсэн “Лалын улс”-ынхан мэдэгдэл хийхдээ “аюулаас хамгаалах хүчнийхэн болон шиитийн сайн дурын цэргүүд цугласан газрыг онилон бид энэ халдлагыг үйлдсэн” гэжээ.

АНУ тэргүүтэй эвслийн дэмжлэгтэйгээр Иракийн засгийн газрын хүчнийхэн болон шиитийн санй дурын цэргүүд өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр төвийн нутгийн Фаллужа хотыг чөлөөлсөн билээ.

Тэд одоо Иракийн хоёр дахь том хот Мосулыг чөлөөлөхийн тулд цэргийн ажиллагаа явуулах гэж байна.

Шиитүүд голдуу амьдардаг дүүргийн хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамжинд “Лалын улс”-ынхан энэ сарын 3-нд дэлбэрэлт үйлдэн 300  орчим хүнийг хөнөөсөн юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ