Харьков хотын орох, гарах хөдөлгөөнийг нээтэл иргэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Украин улсын нөхцөл байдалтай холбоотой Харьков хотын орох гарах хөдөлгөөнийг хаасан тул улс орнууд иргэдээ татан авах нь бэрхшээлтэй байна. Иймд ойрын хэд хоног хоргодох байр, оюутны байрандаа байрлаж, байдал намжтал хүлээхийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд зөвлөлөө.
Тэрбээр өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр ярихдаа "Харьковт байгаа монгол оюутантай дөнгөж сая холбогдоход хоргодох байрнаас гараад оюутны байрандаа ирсэн байна. Хотын орох, гарах хөдөлгөөнийг нээвэл бид иргэдээ авчрахаар төлөвлөсөн зүйл бий. Нэг иргэнийг авчрахад 3-4 сая төгрөгийн зардал гарах тооцоо бий. Агаарын хил хаалттай учир бид бусад улс орны адил иргэдээ хил залгаа хөрш орон руу газраар гаргаж, тэндээс нь авна. Украинд нөхцөл байдал амаргүй, олон улсын түвшинд хэд хэдэн хэлэлцээр болсон ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Бид нөхцөл байдлыг ажиглан, иргэдээ татан авахад анхаарч байна" гэлээ.
Өнөөдөр гэхэд 4 иргэн Польшийн хилээр нэвтэрснийг, мөн 1 иргэнийг Польш Украины хилийн бүсээс ЭСЯ-ны ажилтнууд орж авчээ. Одоогоор 8 иргэн хил нэвтрээд байгаагийн 3 нь Монгол руу буцсан. Киевээс 11 оюутан, 2 байнгын оршин суугч гээд 13, Одесса хотоос 3 иргэн Украины хил дээр ирж байгаа. Тэднийг тосож авахаар ЭСЯ ажилтнууд хил дээр очоод байгаа.
Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдээс Киевт 4, Харьковт 23 иргэн байгаагийн 18 нь оюутан. Мөн Киревоград хотод 2 монгол оюутан байгааг ойрын хугацаанд Польшид аваачихаар төлөвлөжээ. Түүнчлэн Варшав дахь ЭСЯ-д бүртгүүлээгүйгээс гадна бичиг баримттай холбоотой хүндрэл гарч байгааг газар дээр нь шийдэн, иргэдтэй байнга холбоотой байгаа. Украинд одоогоор 250 мянган гадаадын иргэн байгаагаас 155 орны 76 мянга орчим нь оюутан аж.