Палестин хүүг зэрлэгээр хөнөөсөн явдлыг Бан Ги Мүн эрс зэмлэн буруушаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-07-24 12:35:12

НҮБ. /TASS/. 12-хон настай палестин хүүг зэрлэгээр хөнөөсөн явдлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн жигшин зэвүүцэж байгаагаа илэрхийлээд энэ хэргийг үйлдсэн хүмүүсийг хариуцлагад татахыг шаардсан байна. Энэ тухай НҮБ-ын тэргүүний албан ёсны төлөөлөгч Фархан Хак сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Мягмар гарагийн орой палестин хүүг зэрлэгээр хөнөөж байгааг харуулсан дүрс бичлэг нийгмийн сүлжээгээр цацагджээ. Энэ харгис аллагыг АНУ-ын дэмжлэгийг хүлээдэг "Нуреддин аз-Зенги" зэвсэгт бүлэглэлийнхэн үйлдсэн байна. Бичлэг дээр харагдаж буй хэт давруу үзэлтнүүд мэдэгдэхдээ, палестин хүү Сирийн армийг дэмждэг "Аль-Кудс" гэдэг отрядын бүрэлдэхүүнд орж байлдаж байсан гэжээ. НҮБ-д суугаа Палестины ажиглагч Рияд Мансур-ын хэлснээр, хүүгийн нэрийг Абдулла Исса гэдэг аж. Ажиглагч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд илгээсэн захидалдаа “Сирид байгаа Палестины дүрвэгсдийг хамгаалах талаар яаралтай арга хэмжээ авахыг” уриалжээ.  

Харин АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Марк Тонер мэдэгдэхдээ, хэрвээ "Нуреддин аз-Зенги" бүлэглэлийнхэн палестин хүүгийн толгойг тасдан хөнөөсөн гэдэг нь нотлогдвоос АНУ энэ бүлэглэлийг дэмжихээ зогсооно гэж амласан байна.  Тэрбээр цааш нь хэлэхдээ, "Сирийн чөлөөт арми"-ийн командлал насанд хүрээгүй хүүхдийг хөнөөсөн хэргийг шалгахын тулд аллагад холбоотой этгээдүүдийг баривчилжээ.

Б.Адъяахүү 

 



 

Холбоотой мэдээ