Нэг өрхийн сарын дундаж орлого ба зарлага
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны
2021 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.6 сая
төгрөг болсон. Энэ нь 2020 оны 4 дүгээр улиралтай харьцуулахад 218300 төгрөг
буюу 15.3 хувиар нэмэгджээ гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ)
мэдээлжээ.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувийг 2020 оны 4 дүгээр улиралтай харьцуулахад 7.8, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 1.1, бусад орлого 0.1 нэгж хувиар буурчээ. Гэтэл тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 6.3 нэгж хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 2.7 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн 2021
оны 4 дүгээр улирлыг 2020 оны 4 дүгээр улиралтай харьцуулан гаргажээ. Тухайлбал, нэг жилийн дотор 300.0 мянган төгрөгөөс доош
орлоготой өрх 27.0 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 1.2
мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 32.3 мянгаар, 700.0- 900.0
мянган төгрөгийн орлоготой өрх 25.7 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн
орлоготой өрх 7.4 мянгаар тус бүр буурсан байх юм.
Харин 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 23.4 мянгаар, 1.6-2.1 сая
төгрөгийн орлоготой өрх 33.2 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 29.2
мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 23.0 мянгаар тус тус
нэмэгдсэн дүн мэдээ гарчээ.
Эдгээр мэдээлэлд, өрхийн сарын дундаж
(үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2021 оны 4 дүгээр
улиралд 1.2 сая төгрөг болжээ. Энэ нь 2020 оны 4 дүгээр улиралаас19000
төгрөг буюу 1.7 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Гэхдээ 2021 оны 4
дүгээр улирлын өрхийн мөнгөн орлого 3 дугаар улирлаас 40
800 төгрөг буюу 3.4 хувиар буурсан болохыг
тэмдэглэжээ.
Ер нь өрхийн мөнгөн орлого оны үнээр 2021 оны 4 дүгээр улиралд 1.5 сая төгрөг болж 2020 оны энэ улирлаас 204800 төгрөг буюу15.5 хувиар нэмэгдсэн гэдэг тоон үзүүлэлт гарчээ. Ийм өсөлт гарахад тэтгэвэр, тэтгэмжийн орлог 73100 төгрөг буюу 28.9 хувиар нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлсэн гэж тайлбарласан байна. Түүнээс гадна хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 23000 төгрөг, бусад орлого 26200 төгрөгөөр нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлжээ. Өрхийн 2021 оны нэг орлогын бүтцийг авч үзэхэд ийм байна. Харин одоо өрхийн зарлагын бүтцийг ҮСХ хэрхэн гаргасны авч үзье.
Нэг өрхийн сарын дундаж нийт зарлага 2022 оны 4 дүгээр улиралд оны үнээр 1.5 сая төгрөг болжээ. Түүнийг 2020 оны 4 дүгээр улиралтай харьцуулж авч үзвэл 69700 төгрөг буюу 4.8 хувиар нэмэгджээ. Харин тухайн жил (2021 он)-ийн 2 дугаар улирлаас 31900 төгрөг буюу 2.1 хувиар нэмэгдсэн болох нь судалгаагаар тогтоогджээ.
Өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг
арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2021 оны 4 дүгээр улиралд 1.1 сая
төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 89.0 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 18900 төгрөгөөр буурчээ.
Бодит нийт зарлагын хэмжээ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар буурахад хүнсний бус
бараа, үйлчилгээний бодит зарлага 72.3 мянган төгрөгөөр буурсан нь
голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага, оны үнээр
2021 оны 4 дүгээр улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 56300 төгрөгөөр, өмнөх
улирлаас 40000 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Сарын дундаж өрхийн мөнгөн
зарлага өмнөх нэг
жилийн дотор нэмэгдэхэд хүнсний бүтээгдэхүүний зарлага 20700 мянган төгрөгөөр,
хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 21700 төгрөгөөр
нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ
Ойлголт, тодорхойлолт: Өрх гэдэгт нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл
төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээт зүйлсээ хамтран хангадаг хэсэг
бүлэг хүмүүс болон ганц биеэрээ өрх болон амьдардаг хүнийг хэлнэ. Өрхийн гишүүд
нь хоорондоо ураг төрлийн, хамаатан садны холбоотой, бүх гишүүн болон
зарим гишүүн нь огт хамааралгүй эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно.
Өрхийн мөнгөн орлого, зарлага: Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн
орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого болон бусад орлого,
зарлагаас бүрдэнэ.