Энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-23 18:50:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Жил бүрийн нэгдүгээр сард ЕБС, СӨББ-ын захирал, эрхлэгч Засгийн газрын 2019 оны 19-р тогтоолыг үндэслэн тус хичээлийн жилд хийж гүйцэтгэх ажлын "Гүйцэтгэлийн төлөвлөгөө"-г хамт олноороо боловсруулан Дархан сумын Засаг даргаар батлуулдаг.

Энэ жилийн тухайд "Ковид-19" цар тахлаас үүдэн хойшилж өнөөдөр Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа Ерөнхий боловсролын есөн сургуулийн захирал, Сургуулийн өмнөх боловсролын 24 байгууллагын эрхлэгчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлав.

Дээрх гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулснаар тухайн жилд улсын төсвөөс тус сургууль, цэцэрлэгт хуваарилсан санхүүжилтийг багш, сурагчийн сургалт хөгжил, ажилчдын цалин шимтгэл, сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангах тогтмол зардал, материаллаг бааз, сургалтын тоног төхөөрөмж зэрэгт төсвийг захиран зарцуулах эрх нээгдэж, бага насны хүүхдийн өсөлт хөгжлийн түвшин үзүүлэлтүүдийг улс, аймгийн дэвшүүлсэн зорилтот түвшинд хүргэх үүргээ баг хамт олноороо хэрэгжүүлэх бололцоо нээгддэг аж.

Гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнг тухайн оны 12-р сарын 25 -ны дотор захирал, эрхлэгч төлөвлөгөөг баталсан Засаг даргад тайлагнан үнэлүүлж, дүгнүүлэх ёстой. Үүгээр захирал, эрхлэгчдийг дахин үргэлжлүүлэн ажиллуулах, эс ажиллуулах эрх үүсдэг ажээ.

Мөн энэ өдөр ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 тоот тушаалыг үндэслэн төрийн албан хаагч нар гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан Дархан сумын ЗДТГ-ын даргаар батлууллаа. Дархан сумын ЗДТГ-ын дарга Б.Батзултай Дархан сумын 1-16, Өргөө, Малчин багийн Нийгмийн ажилтан, Зохион байгуулагч, ЗДТГ-ын албан хаагчид 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулсан юм.

Холбоотой мэдээ