Тогтвортой хөгжлийн бодлогын оновчтой хувилбарыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-02-22 13:45:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) хамтран Монгол Улсад хүртээмжтэй, тэсвэртэй, чадамж бүхий ногоон хөгжлийг төгөлдөршүүлэх нь” үндэсний семинарыг зохион байгуулж байна.

Семинараар төрийн байгууллагын төлөөлөгч нар, эдийн засагч, судлаачид болон НҮБ-ын шинжээчид хамтран Монгол Улсын эдийн засгийг илүү хүртээмжтэй, гэнэтийн цочролд тэсвэртэй, экологийн хувьд тогтвортой болгоход дэмжлэг болохуйц бодлогын загварыг хэлэлцэж байна.

Монгол Улс Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тодорхойлсныг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт семинарыг нээж хэлсэн үгэндээ онцлов. Тэрээр, дээрх бодлогод тусгасан суурь дэд бүтцийг сайжруулж, эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлогын оновчтой арга хэрэгслийг тодорхойлоход энэхүү семинараар хэлэлцсэн макро эдийн засгийн загварууд нэн чухал болохыг цохон тэмдэглэв. Семинараар, Монгол Улсын дунд хугацааны бодлого төлөвлөлт, хөгжлийн томоохон боломж, сорилтууд, цаашдын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлогын загварын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг авч хэлэлцэж байна.




НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж буй чухал үед зохион болж буй энэхүү семинар нь цаг үеэ олсон ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцлон тэмдэглэв. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улс хилээ бүрэн нээж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид төдийгүй жуулчдыг эдийн засгийн асар их чадамж, нөөцтэй энэхүү үзэсгэлэнт орондоо хүрэлцэн ирэхийг урьсан Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрийг сайшааж дэмжиж байна" гэв.


НҮБ: Улс орнууд Ковидын дараах сэргэлтийн бодлого төлөвлөгөөгөө боловсруулахдаа хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүйгээр, аливаа хямрал, цочролд бэлэн бөгөөд илүү тэсвэртэй болох улс орнуудын чадавхыг бэхжүүлэхэд анхаарч байна.



Улс орнуудад Ковид-19 цар тахал, түүний нөлөөнөөс үүдэлтэй дэлхийн эдийн засгийн уналт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ихээхэн сорилт бэрхшээлүүд тулгарч буй. Энэ цаг үед, эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн 3 хэмжүүрийн хүрээнд илүүтэй ахиц дэвшил гаргаж, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийн тулд бодлогын уялдаа холбоог сайжруулах, цогц арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг оролцогчид онцоллоо.

НҮБ-ын Туслах ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын гүйцэтгэх захирал хатагтай Армида Салсиа Алисжахбана хэлсэн үгэндээ, улс орнууд Ковидын дараах сэргэлтийн бодлого төлөвлөгөөгөө боловсруулахдаа хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүйгээр, аливаа хямрал, цочролд бэлэн бөгөөд илүү тэсвэртэй болох улс орнуудын чадавхыг бэхжүүлэхэд анхаарч байна. Улмаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэргээр урт хугацаанд үр ашгаа өгөх тогтвортой хөгжлийг тусгахыг чухалчилсан юм.




Үндэсний семинарт оролцогчид НҮБ-ын АНДЭЗНК-ийн бүс нутгийн макро эдийн засгийн загварт суурилсан, Монгол Улсын нөхцөл байдал, нийгэм-эдийн засаг, байгаль орчны үр дагаварт тохируулсан, үндэсний бодлого төлөвлөлтийн үйл явцад тусгах боломжтой макро эдийн засгийн загварыг ашиглан тооцсон бодлогын хувилбарын талаар хэлэлцэв. Үндэсний семинарын дараа загварын таамаглал гаргах, бодлогын хувилбаруудыг бодлого, төлөвлөлтөнд хэрэглэх талаар Эдийн засаг, хөгжлийн яамны чадавхыг бэхжүүлэх техникийн семинар зохион байгуулах юм

Холбоотой мэдээ