Дорнод шинэ арслантай боллоо

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-22 12:32:38

Дорнод аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж улс, аймаг, сумын алдар цолтой, залуу бөх нийлсэн 256 хүчтэн зодоглов. Баяр наадмын тавын даваанд залуу бөх Тамжидын Дэлгэр, Пунцагдоржийн Одонтөмөр, Батхүү, Мөнх-Эрдэнэ нар шинээр аймгийн начин цол хүртсэн бол Эрхэмбаяр зургаа давж Аймгийн харцага цолонд хүрлээ.

Наадмын үзүүр түрүүнд Дашбалбар сумын харъяат, шинэхэн улсын начин Доржийн Анар, Цагаан-Овоо сумын харъяат Аймгийн заан Дашнямын Ариунмөрөн нар учраа таарсан. Хоёр бөх өмнө нь 2014 оны наадмаар мөн л үзүүр түрүүнд үлдэж, Д.Анар давж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа Д.Анар барилдалгүй шууд тахимаа өгснөөр,  Д.Ариунмөрөн аймгийн арслан цол хүртэж байна.

Төрийн их баяр наадамд тав давж Улсын начин цол хүртээд буй Д.Анарыг нутгийн наадамдаа түрүүлэх болов уу гэсэн наадамчин олны хүлээлт багагүй байсныг дурьдах нь зүйтэй. Гэвч учраа бөхдөө тахимаа өгсөнийг найраа тохироо хийлээ хэмээн хардах нэгэн байхад улсын наадамд эрэмбэ дээгүүр барилдах Дорнодынхоо бөхчүүдийн тоог нэгээр нэмсэн ухаалаг алхам боллоо гэж тайлбарлах хүмүүс цөөнгүй байна. Д.Анар начин ч мөн ийн тайлбарлаж буй бөгөөд “Нэг маань ч гэсэн улсын цолонд ойртог гэсэндээ даваагаа өгсөн юм” хэмээн ярьжээ.

Дашрамд дуулгахад, Д.Анар аймагтаа ирснийхээ дараа Чулуунхороот сумын наадамд зодоглож түрүүлээд байгаа юм.

Шинэхэн арслан Д.Ариунмөрөнгийн хувьд, 2010 онд аймгийн наадмаар тав давж начин, 2014 онд Зүүн бүсийн их хурд – Дорнод аймгийн наадмаар долоо давж заан цол хүртэн, үзүүрлэж байжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ