Дэвид Совер: Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслийг хамтран хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-02-16 17:48:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТОСК Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, “Хабрид хауз” компани хамтран нийслэлийн Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгад эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн парк хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төслийн хүрээнд “Хабрид хауз” компанийн барьж буй орон сууц дулааныг 100 хувь хэмнэж байгаа давуу талтай байна. Тиймээс төслийн нэгжийнхэн тус компанийг олон улсын стандартыг хангаж, сертификат авах тал дээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа аж. Энэ талаар Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн санхүүгийн мэргэжилтэн Дэвид Совер хэлэхдээ, “Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн хот. Тиймээс эрчим хүчний үр ашиг маш чухал. Орчин цагийн шинэлэг, инновацлаг технологи ашиглан дулаан барилга барьж эхэлж буйг харахад сайхан байна. Танай улсын Засгийн газар болоод бусад байгууллага дулаан, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслийг дэмжин хамтран хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг. Цаашид илүү олон байшин баригдаад ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж байна. Тохирох санхүүгийн механизмыг олж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж гэмээн төсөл илүү өргөн дэлгэр хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Хабрид хауз” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ хэлэхдээ, гэр хороололд бохир, цэвэр усыг бие даасан байдлаар шийдээд, нарны тусгалыг шингээх байдлаар дулааныг нь шийдсэн амины орон сууцны санхүүгийн модель, технологийн шийдэл бүхий төслийг хэрэгжүүлж буйг тодотгов.




Тодруулбал, Дэнжийн мянгад 1000 ам метр газарт 7 айлын орон сууц барьж байна. Нийт талбайн 40 хувийг ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар тооцжээ. Тус ногоон орон сууцны иргэдэд санал болгох үнэ ханш харьцангуй хямд байгаа аж. Хамтарсан төслийн хүрээнд орон сууцанд амьдарч байгаагүй гэр хорооллын айл өрхийг сонгож байна. “Хабрид хауз” компани Дэнжийн мянгаас гадна Жаргалантын аманд 40 айлын орон сууц барьж байна.

Цаашид Баянхошуу, Сэлбэ, Шар хад, Толгойт бүсүүдэд ногоон байгууламжтай, автомашины зогсоол хүртээмжтэй, насжилт өндөртэй, амьдралын өртөг багатай орон сууцыг барьж байж, бага, дунд болоод өндөр орлоготой иргэд ч тийш зорих нөхцөлийг бүрдүүлэх юм. Ногоон орон сууцны бүтээн байгуулалтыг дагалдан нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, спорт заал, талбай зэргийг хамтад шийдэж байж үр дүн гарна хэмээн тооцоолжээ.  

Түүнчлэн орлогод нийцсэн орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн бүсэд аж төрж буй айл өрхүүдийн дунд судалгаа хийх юм. Энэ жил хоёр газарт дөрвөн блок, 800 айлын орон сууцны барилгыг эхлүүлэх юм.



Холбоотой мэдээ