Олимпын наадмын бүх тэмцээнийг үзэх боломж олгох 100 мянган билетийг худалдаанд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-22 12:02:39

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Kazinform/. Олимпын бүх уралдаан тэмцээнийг үзэхийг эрхийг нэг дор олгох 100 мянга гаруй ширхэг билетийг пүрэв гарагт худалдаалж эхлэх бөгөөд энэ нь “Рио-2016” Олимпын тоглолтуудаас дуртай спортоо сонгон үзэх боломжийг хөгжөөн дэмжигчдэд олгож буй хэрэг юм гэж зохион байгуулагчид ярьж байна.

Хамгийн сүүлийн тасалбарын багцад 8 дугаар сарын 5-нд болох нээлтийн ёслол болон 8 дугаар сарын 21-нд болох хаалтын ёслолыг үзэх билет багтаж байгаа аж. Өмнө нь үзэх боломжгүй байсан усанд сэлэлт болон теннисний тэмцээн энэ багцад орсон бол волейбол, сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн медалийн төлөөх тоглолтуудыг ч үзэж болох юм.

Хөгжөөн дэмжигчид эдгээр билетийн багцыг “Рио-2016”-ын цахим хуудсаар захиалж Бразилд дахь тасалбар түгээх газруудад баталгаажуулах ажээ. Энэ нь хамгийн сүүлийн удаа ихээхэн хэмжээний тасалбарыг худалдаанд гаргаж байгаа явдал юм.

“Тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнгүүд бүрэн ашиглалтад орсноос гадна телевизээр шууд дамжуулах хөтөлбөрүүд ч эцсийн байдлаар бэлэн болсон учир өмнө нь телевизийн аппарат хэрэгслүүдийг байрлуулахаар төлөвлөж байсан суудлууд чөлөөтэй болсон. Ингэснээр нэмэлт тасалбаруудыг борлуулж байна” гэж “Рио-2016”-г зохион байгуулах хорооны цахим хуудсанд бичжээ.

Энэ сарын эхээр “Рио-2016”-г зохион байгуулагчид 6 сая тасалбараас 4.3 саяыг нь аль хэдийн борлуулсан гэж мэдэгдэж байсан билээ. Уралдаан тэмцээнүүдээс хөлбөмбөгийн тоглолтуудыг үзэх сонирхол хөгжөөн дэмжигчдийн хамгийн их байгаа бол түүний дараа сагсан бөмбөг, волейбол, хөнгөн атлетик болон гандбол оржээ.

Х.Сарнай


 

Холбоотой мэдээ