НҮБ: БНАСАУ хулгайлсан криптовалютаар пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-02-07 12:37:31

МОСКВА. /RIA Novosti/. Өнгөрсөн онд БНАСАУ цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлсээр байсан бөгөөд криптовалютын биржүүдийг чиглэсэн кибер халдлага нь орлогынх нь чухал эх үүсвэр хэвээр байгаа тухай НҮБ-ын тайланд дурджээ. Энэ талаар “Reuters” агентлаг мэдээлсэн байна. 


Хараат бус ажиглагчдын бэлтгэсэн тайланг хоёрдугаар сарын 4-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-д хориг арга хэмжээ авах асуудал эрхэлсэн хороонд танилцуулжээ.


"Хэдийгээр цөмийн туршилт, тив алгасагч баллистик пуужин харвасан тухай мэдээлэл гараагүй ч БНАСАУ цөмийн задрах материал үйлдвэрлэх боломжоо хөгжүүлсээр байна" гэж шинжээчид бичсэн байна.


Үүнээс гадна, Пёньян цөмийн болон баллистик пуужингийн дэд бүтцээ урьдын адил хөгжүүлсээр байгаагийн зэрэгцээ “эдгээр хөтөлбөртөө зориулж цахим арга хэрэгсэл, шинжлэх ухааны хамтарсан судалгаагаар дамжуулан хилийн чанадаас материал, технологи, туршлага эрж хайж байна” гэж шинжээчид онцлон тэмдэглэжээ.


Үүний зэрэгцээ Пёньян пуужингийн туршилтаа мэдэгдэхүйц хурдасгасан гэж тайланг гаргагчид үзэж байна. Криптовалютын биржүүдэд үйлдсэн кибер халдлагын тухайд Умард Солонгосын хакерууд 2020 оноос 2021 оны дунд үе хүртэл “Хойд Америк, Европ, Ази дахь криптовалютын гурван биржээс” 50 сая гаруй ам.доллар хулгайлжээ.


НҮБ-ын тайланд мөн Умард Солонгост хүмүүнлэгийн байдал улам дордсоор байгаа тухай мэдээлэл орсон байна. Үүний шалтгааныг Пёньян цар тахалтай холбогдуулан хилээ хаах шийдвэр гаргасантай холбоотой байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. 

Холбоотой мэдээ