Цагаан олимпын түүхэн замнал - "Турин-2006"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-31 16:35:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам удахгүй эхлэх гэж байгаатай /4 хоног/ холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байгаа билээ.

 

Өмнөх 2 олимпын санал хураалт нэлээд будлиантай болсон тул ОУОХ санал хураах шинэ журам нэвтрүүлж, уг журмын дагуу ОУОХ-ны гишүүд нэр дэвшиж буй хотуудад айлчлахыг хориглосон байна. Мөн нэр дэвшиж буй хотуудыг шигшиж, эцсийн шатанд өрсөлдөх хотыг тодруулах тусгай комисс байгуулжээ.

 

2006 оны олимпыг хүлээн авах хүсэлтээ 6 хот илэрхийлсэн ч Финландын Хельсинк, Словакийн Попрад Татри, Польшийн Закопане, Австрийн Клагенфурт урьдчилсан шатыг давж чадсангүй. Харин Италийн Турин, Швейцарын Сьон хотууд эцсийн шатанд тунан үлджээ. ОУОХ-ны төв байрладаг гэдэг утгаараа Швейцарын хот санал асуулгад ялах байх гэж олонх таамагласан. Гэвч Турин хот Сьоныг 53:36-гаар илүүрхэн ялжээ. Энэ сунгааг бүх олимпын түүхэн дэх хамгийн муу санал асуулга хэмээн үздэг байна.

 

"Турин-2006" өвлийн олимпын эрхээ авсан италичууд наадамд зориулж 7 шинэ байгууламжийг босголоо. Тэд бүтээн байгуулалтын зардалд бараг 2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Нийт зардал 3.6 тэрбум болсон нь өвлийн олимпын түүхэнд дээд амжилт байв. Гэхдээ тэд эцсийн дүндээ харьцангуй бага гэж болох 3.2 сая долларын алдагдал хүлээсэн тооцоо гарчээ.

 

"Турин-2006" өвлийн олимпын наадамд 80 орны 2508 тамирчин /960 нь эмэгтэй/ Италийн хойд нутгийн Турин хотыг зорьж, дээд амжилтыг дахин эвдлээ. Тамирчид 17 хоногийн турш долоон спортын 15 төрөлд 84 багц медалийн төлөө өрсөлджээ. Албани, Этиоп, Мадагаскар улс цагаан олимпод анх удаа оролцсон байна.


                                                                                     Сонирхолтой баримтууд

 

Италичууд олимпын бамбарыг 57 метрийн өндөрт асаасан нь бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоожээ. Өмнөх олимпод дэгдсэн сэргээшийн дуулиан Туриний олимпыг ч тойрсонгүй. Оросын биатлонч бүсгүй Ольга Пылева 15 км-ийн уралдаанаас мөнгөн медаль хүртсэн ч 3 хоногийн дараа сэргээшийн шалгалтад бүдэрч, медалиа хураалгав. Мөн Австрийн цана, биатлоны тамирчид томхон асуудалд орооцолдож байлаа. Цагдаа нар тамирчдын байранд гэнэтийн шалгалт хийхэд олон тооны тариур, цус юүлэх хэрэгсэл олдсон байна. Австрийн багийн дасгалжуулагч Вальтер Майер энэ хэргээс болж 15 сар шоронд суух ял сонссон юм.

 

Тус олимпын гол од нь Солонгосын тэшүүрч Ан Хьюн-Со болов. Тэрбээр 1000, 1500 болон 5000 метрийн буухиа уралдаанд түрүүлж, 500 метрт хүрэл медаль зүүсэн юм. Энэ тамирчин 2011 онд Оросын иргэн болж, нэрээ Виктор Ан болгон өөрчилсөн билээ.


Түүнчлэн Германы биатлонч Михаэль Грайс, Солонгосын тэшүүрч Жин Сүн-Ю нар тус бүр гурван алтын эзэн болсон юм. Грайсын хувьд нэг олимпоос 3 алт авсан Германы анхны тамирчин болжээ.




Харин Канадын тэшүүрч Синди Классен 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, нийт 5 медаль авч, өвөрмөц амжилт үзүүлэв. Клаудия Пехштайн тэшүүрийн багийн буухиа уралдаанд түрүүлж, олимпын 5 дахь алтан медалиа зүүсэн. Ингэснээр тэр Германы бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг тамирчнаар тодорсон байна.

 

Багийн дүнгээр тогтмол дээгүүр өрсөлддөг Норвеги энэ удаа түүхэнд байхгүй муу амжилтаа үзүүлж, хоёрхон алтан медальтай 13 дугаар байр эзэллээ. Өмнөх олимпын баатар Бьорндален биатлоны хөөх болон ганцаарчилсан уралдаанд аман хүзүүдэж, бөөн гараатай уралдаанд гуравласан юм. Түүнчлэн найдлага тавьж байсан цаначид нь ихэвчлэн мөнгөн медаль дээр буужээ.

 

Уран гулгалтын төрөлд оросууд 4 алтан медалийн гурвыг нь авч, үнэмлэхүй амжилт үзүүлэв. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Е.Плющенко, спортын хосод Т.Тотмяьнина /М.Маринин, бүжгийн хосод Т.Навка/ Р.Костомаров нар тэргүүн байр эзэллээ. Харин тэдний найдвар тавьж байсан И.Слуцкая хүрэл медальтайгаа эвлэрэхээс аргагүй болжээ.

 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы Ш.Аракава өнгөлж, уран гулгалтаар алт авсан анхны ази тамирчнаар нэрлэгдэв. Тэрбээр олимп эхлэхээс нэг жилийн өмнө дасгалжуулагчаа сольж, Оросын Н.Морозовын удирдлагад бэлтгэл хийх болсон нь амжилт гаргахад нөлөөлсөн юм.



 

Канадын скелетонч Дафф Гибсон алтан медаль авах үедээ 39 нас, 6 сар, 6 хоногтой байж. Ингэснээр тэрбээр өвлийн олимпын түүхэн дэх хамгийн хөгшин аваргаар тодорсон билээ. Өмнөх рекордыг “Саппоро-72”-оос 35 нас, 5 хоногтойдоо алт авсан Норвегийн биатлонч М.Сольберг эзэмшиж байв.

 

Кёрлингийн эмэгтэйчүүдийн тэмцээнд Шведийн баг түрүүлсэн. Ингэснээр тэд Европ, дэлхийн АШТ, олимпын наадамд түрүүлсэн анхны баг болжээ. Латви улс “Турин-2006”-гаас өвлийн олимпын анхны медалиа авав. М.Рубенис чарганы эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль зүүсэн байна.

 

Хоккейн тэмцээнд Скандинавын хойгийн хоёр улс түрүү булаалдаж, Швед түрүүлэн Финланд удааллаа. Оросууд шөвгийн наймд гол өрсөлдөгч Канадыг хожсоны дараа түрүүлэх талаар дуугарч эхэлсэн ч хагас шигшээд Финландад 4:0, хүрлийн төлөө Чехэд 3:0-ээр ялагдсан юм.


 

Шведүүд хэсэгтээ Орост 5:0-ээр, Словакт 3:0-ээр ялагдан, тааруухан формтой байна гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүдээс авсан ч хасагдах шатанд тун сайн тоглосон. “Лиллехаммер 94”-ийн багт багтаж аваргалсан Йорген болон Кенни Юнссон, Петер Форсберг нар олимпын хошой аварга боллоо.


Багийн дүнгээр германчууд түрүүлж, Америк, Австри удаалав. Немцүүд зөвхөн биатлоны төрлөөр таван алт хамжээ. Мөн амжилт гаргадаг бобслейн төрөлд гурвыг нэмж авсан юм. Оросууд багаараа дөрөвт орсон ч өмнөх олимпын амжилтаа эрс ахиулсан. Тэд Солт-Лейкээс 13 медальтай ирсэн бол энэ удаа 22-ыг авсан юм. Уран гулгалт, биатлоны тамирчид нь ихэнх медалийг авчирчээ. Нийт 26 улс ямар нэг медаль авсан нь цагаан олимпын дээд амжилт байлаа.

 

Монголчууд Туриний олимпод цанын төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин илгээлээ. Эрчүүдийн 15 км-т Х.Хаш-Эрдэнэ 85 дугаар байрт орсон бол эмэгтэйчүүдийн 10 км-т Э.Очирсүрэн 68 дугаар байр эзэлсэн юм.

 

МЕДАЛЬ АВСАН ОРНУУД

 

Улс                             Алт   Мөнгө   Хүрэл  Нийт

 

1. Герман                   11         12           6            29

2. АНУ                         9           9             7            25

3. Австри                    9           7             7            23

4. ОХУ                         8           6             8            22

5. Канад                     7          10           7             24

6. Швед                      7           2             5            14

7. БНСУ                      6           3             2            11

8. Швейцар               5            4             5           14

9. Итали                     5           0             6            11

10-11. Нидерланд    3           2             4             9

10-11. Франц             3            2             4             9

12. Эстони                 3           0              0            3

13. Норвеги              2            8             9            19

14. БНХАУ                 2            4             5            11

15. Чех                       1            2             1             4

16. Хорват                 1            2             0             3

17. Австрали             1            0             1             2

18. Япон                     1            0             0             1

19. Финланд              0            6             3             9

20. Польш                  0            1             1             2

21-24. Беларусь        0            1              0            1

21-24. Болгар            0            1              0            1

21-24. Их Британи    0            1              0            1

21-24. Словак           0             1             0             1

25. Украин                0             0             2             2

26. Латви                  0             0             1             1

 

Нийт                      84           84           84          252

Холбоотой мэдээ