Халамжийн тэтгэврийг энэ оныг дуустал 100 мянган төгрөгөөр нэмнэ

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.mn
2022-01-28 17:32:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар халамжийн тэтгэврийг энэ оныг дуустал 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа өнөөдөр мэдээлэв.


Тодруулбал, Нийгмийн халамжийн сангаас сар бүр 188 мянган төгрөгийн тэтгэмж авдаг 75 мянган иргэн байдаг. Уг тэтгэмжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан 18 хүртэлх насны хүүхэд, одой хүнд олгодог байна.


ХНХ-ын сайд А.Ариунзаяа, “Коронавирусний цар тахлаас иргэдийн амьжиргааг хамгаалах зорилгоор баталсан нэг удаагийн хуулийн хүрээнд 2020 оны тавдугаар сараас 2021 оныг дуустал дээрх тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмж, 288 мянга болгон олгож байгаад 2022 оны төсвийг батлахад зогсоосон юм. Харин өнөөдөр Засгийн газрын хурлаас уг 100 мянган төгрөгийг энэ оныг дуустал нэмж олгохоор шийдвэрлэсэн” гэлээ.


Энэ оны нэгдүгээр сарын 100 мянган төгрөгийн нэмэгдлийг иргэдийн данс руу ойрын хугацаанд шилжүүлнэ гэдгийг тэрбээр мөн онцолсон юм.

Холбоотой мэдээ