Нийт өвчлөлийн 72 хувийг 11 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-28 12:16:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Коронавируст халдварын омикрон хувилбарын эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд амьсгалын замын дээд халдвар буюу томуу томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байна.


Энэ тухай ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл мэдээлэхдээ, “Хоолой хөндүүрлэж өвдөх, аргах, хамар битүүрэх, нус гоожих, хуурай ханиах, халуурах, булчин, үеэр өвдөх шинж голчлон илэрч байна. Хүндэрсэн тохиолдолд хатгааны шинж болох цээжээр өвдөх, амьсгаадах, амьсгалын тоо олшрох, цустай цэр гарах, халуун буурахгүй хэд хоногоор үргэлжлэх  зэрэг шинж илэрч байвал эмчид хандах хэрэгтэй” гэв.


Манай улсад 18 хүртэлх насны 178 мянган хүүхэд коронавирусээр халдварлажээ. Нийт өвчлөлийн 72 хувийг 11 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Эдгээр насныханд халдвар илүү өндөр байгаа учир вакцин болон бусад хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс Цагаан сарын баярын өдрүүдэд бага насны хүүхдийг гадуур олон хүнтэй газраар болон халдварын эрсдэлтэй газраар дагуулж явахгүй байхыг эцэг эхчүүдэд уриаллаа.  

Улсын хэмжээнд 11 084 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 59 мянга гаруй хүн байна. Эдгээр хүмүүс амьсгалын замын хүнд шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэйг мөн зөвлөв.

Холбоотой мэдээ