В.Путин Мюнхений бага хуралд оролцохгүй

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-01-27 16:19:05

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ жил аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцохгүй гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.


Хоёр жилийн дараа уламжлалт хэлбэрээр зохион байгуулах гэж буй энэхүү бага хурал хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болох ёстой юм. ОХУ-ын Ерөнхийлөгч уг бага хуралд оролцох эсэх талаарх асуултад Д.Песков “оролцохгүй” гэж хариулсан байна.


Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурал 1963 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа юм. Эхний 30 жилд уг хуралд Умард Атлантын гэрээний байгууллагын орнуудын төлөөлөгчид л оролцдог байсан бол 1990-ээд оноос хойш ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг болон бусад орны төлөөлөгчид оролцдог болжээ.


В.Путин 2007 онд Мюнхенд үг хэлэхдээ, АНУ-ын гадаад бодлого болон нэг туйлт ертөнц бий болгох гэсэн оролдлогыг хатуу шүүмжилсэн нь түүхэнд бичигдэж үлджээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч тухайн үед НАТО-г өргөжүүлэх, Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолборуудыг Зүүн Европт байрлуулах төлөвлөгөөг эрс эсэргүүцсэн байна. 

Холбоотой мэдээ