Давос-2022: Цар тахал ба бусад эрсдэл

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-01-26 19:00:23

Жил бүрийн эхээр болдог дэлхийн хэмжээний хамгийн гол үйл явдал - Давосын Эдийн засгийн чуулга уулзалт /ДЭЗФ/ коронавирусний омикрон хувилбар тархсаны улмаас өнгөрсөн долоо хоногт онлайн хэлбэрээр явагдлаа. Форумын зорилго нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд улс төр, эдийн засгийн салбарт шийдвэр гаргагч нөлөө бүхий хүмүүсийг Давост урьж ирүүлэн, учирч буй саад бэрхшээл, эрсдэлүүд ба нээгдэж буй боломжуудыг хэлэлцэх явдал юм. Тодруулж хэлбэл, ДЭЗФ бол дэлхийн санхүү-бизнесийн салбарын бодит нөхцөл байдлыг тольдож, цаашдынх нь чиг хандлагыг тодорхойлоход тустай нэг ёсны барометр мөн.


Цар тахлын улмаас хоёр жил дараалан онлайнаар хуралдсан Давосын чуулганыг ирэх 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд  “Хамтран ажиллаж, итгэлцлийг сэргээе” уриан дор биечилсэн хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.   


Давос-2022-ын өмнөхөн профессор Клаус Шваб тэргүүтэй зохион байгуулагчид уламжлал ёсоор “дэлхий дахинд ойрын жилүүдэд учирч болзошгүй эрсдэлүүд”-ийн талаарх олон хуудастай дэлгэрэнгүй илтгэлийг олон нийтэд танилцууллаа.


Уг илтгэлд дэлхий дахины өмнө тулгарч буй гол 5 эрсдэлийг онцлон дурджээ. Үүнд:

--Эдийн засгийн өсөлтийн удаашрал ба нийгэм дэх сөргөлдөөнт түгшүүртэй байдал

--Уур амьсгалын өөрчлөлт

--Биологийн олон янз байдал алдагдаж байгаа

--Цахимжих үйл явцаас үүдэлтэй кибер аюулгүй байдлын асуудлууд

--Эрүүл мэндийн салбарын өмнө тулгарч буй бэрхшээл сорилтууд


Эдийн засгийн сэргэлтийн удаашрал


Дурдсан 5 эрсдэлээс гадна цар тахал дэгдсэн хоёр жилийн хугацаанд цагаачлал, сансар дахь өрсөлдөөн ба цахим системийн хөгжил нь кибер аюулгүй байдалд нөлөөлж байгаа гэх мэт эрсдэлүүд бий болсныг илтгэлийг бэлтгэсэн шинжээчид дурдлаа.


Мөн коронавирус ба түүний нийгэм-эдийн засагт үзүүлэх  сөрөг нөлөөллүүд нь дэлхий дахинд ноцтой аюул учруулах хэмжээнд хэвээр байгаа тул уг асуудлаар тусгайлан хэлэлцүүлэг зохион байгуулжээ. “Вакцины тэгш бус хуваарилалт, үүнээс улбаалан эдийн засгийн сэргэлт улс орнуудад жигд бус байгаа нь нийгмийн зөрчил ба геополитикийн түгшүүртэй байдлыг улам даамжруулна” гэж шинжээчид анхаарууллаа.  


Уг илтгэлийг бэлтгэж байх үед дэлхийн хүн амын 20 хувь нь амьдардаг хамгийн ядуу 52 улсад вакцинжуулалтын явц ердөө 6 хувьтай байсан бол өндөр хөгжилтэй улсуудад 67 хувиас давсан байв.


Вакцинжуулалтыг богино хугацаанд явуулж, цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж чадсан улс орнууд цар тахлын өмнөх хөгжлийн түвшиндээ эргээд хүрэх боломжтой болжээ. Гэтэл вакцинжуулалтын хувь хангалтгүй, эрүүл мэндийн тогтолцоо нь доголдолтой байгаа улс орнуудад илүү хүнд сорилт тулгарч байна.  


Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хурд нь инфляцийн огцом өсөлт, ялангуяа түүхийн эдийн үнийн өсөлтийн нөлөөгөөр удааширсан хэвээр байна. Нөгөөтэйгүүр, цар тахлын улмаас олон улс орны өрийн хэмжээ нэмэгдэж, улмаар өрийн хямрал нь ойрын ба дунд хугацаанд ноцтой эрсдэлийг дагуулах төлөвтэй.


Онлайн уулзалтын эхний өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар үг хэллээ. Дэлхийн эдийн засаг хямралаас гарч байгаа боловч уг үйл явцыг саатуулагч хүчин зүйлүүд байсаар байна гэдгийг Хятадын удирдагч тэмдэглэн хэлээд “өргөн хэмжээний аюултай үр дагавруудаас зайлсхийхийн тулд сөргөлдөөнөөс татгалзах”-ыг уриалав. Мөн цар тахлын эсрэг хамтран тэмцэж, эм гарган авах, вакциныг тэгш хуваарилахын тулд олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Өнөөдрийн байдлаар, Хятадын хүн амын 85 гаруй хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа бол Энэтхэгт уг үзүүлэлт нэлээд доогуур байна. Гэхдээ энэтхэгчүүд олон улс оронд эм, вакцин нийлүүлсний ачаар олон сая хүний амь аврагдсан, Энэтхэг бол эм үйлдвэрлэлээр дэлхийд 3 дугаарт ордог улс гэдгийг ерөнхий сайд Н.Моди бахархалтайгаар мэдэгдэв.


Давосын онлайн чуулганы сүүлчийн өдөр буюу баасан гарагт дэлхийн банк санхүүгийн салбарын нөлөө бүхий төлөөлөгчид цар тахлын улмаас хурдацтай өсөж буй инфляцийг хэрхэн хязгаарлах вэ гэдэг асуудлыг хэлэлцлээ.


ОУВС-гийн захирал Кристалина Георгиева хэлэхдээ “инфляцийг бууруулах нэгдсэн жор гэж байхгүй, улс орон бүрийн хувьд эдийн засгийн сэргэлтийн явц харилцан адилгүй байгаа учраас инфляцийн хямралаас гарах асуудлыг өөрсдөө бие даан шийдвэрлэхээс өөр аргагүй” гэдгийг мэдэгдлээ. Түүний хэлснээр, нөхцөл байдал хүндэрсний бүх хариуцлагыг Төв банкуудад тохоох нь өрөөсгөл ажээ. Өөрөөр хэлбэл, засгийн газруудын үүрэг оролцоо чухал бөгөөд цар тахлыг даван туулахын тулд вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг ОУВС-гийн тэргүүн онцлоод 2021 оны эцэс гэхэд 86 улсад дархлаажуулалтын явц 40 хувьд ч хүрээгүй байсныг шүүмжлэв.


АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен үг хэлэхдээ, тус улсад инфляцийн түвшин 1980-аад оноос хойш үзэгдээгүй өндөр хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрсний зэрэгцээ энэ бол түр зуурын үзэгдэл бөгөөд Америкийн эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа хөдөлмөрийн зах зээлийн байдал мэдэгдэхүйц сайжирсныг дурдлаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын мэдээгээр, АНУ-д хэрэглээний барааны үнийн өсөлт 7 хувьд хүрчээ.  


Америкийн эдийн засгийн өсөлт өөдрөг таамаглалуудаас ч давж гарсан нь хүн амыг богино хугацаанд вакцинжуулж, гэр бүлүүд ба бизнес эрхлэгчдэд бодитой тусламж үзүүлсний үр дүн гэдгийг Сангийн сайд онцолсон байна. Өнгөрсөн оны статистикийн мэдээгээр АНУ-ын ДНБ 5,3 хувийн өсөлттэй гарахаар байгаа бол 2022 онд 3,3 хувиар өсөх төлөвтэй байна.

Европын Төвбанкны ерөнхийлөгч Кристин Лагард хэлэхдээ, ДНБ-ний өсөлт ба хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт өндөр хувьтай гарна гэдгийг, инфляци ингэтлээ нэмэгдэнэ гэдгийг 2021 оны эхээр урьдчилан таамаглаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ одоогийн үнийн өсөлт нь төдийлөн аюул учруулахгүй бөгөөд энэ оны 4 дүгээр улирал гэхэд инфляцийн түвшин 5-аас 2 хувь болж буурна хэмээн таамаглаж байгаагаа тэрбээр хэлэв. Еврогийн бүсийн мөнгөний бодлого АНУ-ынх шиг тийм хатуу байхгүй гэдгийг К.Лагард дурдаад, активуудыг худалдан авах хөтөлбөр дууссаны дараа, статистик мэдээллүүдийг нухацтай задлан шинжилсний эцэст бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэхийг шийднэ гэдгээ хэллээ.


Бусад эрсдэл


Цахим шилжилт нь нэг талаас ковидоос үүдэлтэй эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарах боломжийг олгож байгаа боловч нөгөө талаас, кибер эмзэг байдлыг улам лавшруулж байна. Энэ бол бүхэл бүтэн бүтцийн үзэгдэл гэдгийг хэрэглэгчид одоохондоо төдийлөн сайн ухаарахгүй байгаа юм. Жишээ нь, 2020 онд хортой программ ашиглан үйлдсэн хакеруудын халдлагын тоо 358 хувиар, тоон системийг ашиглан хийсэн луйврын тоо 435 хувиар өссөн нь уг үзэгдэл дэлхий дахиныг хамарсныг харуулж байна. Гэтэл дэлхий даяар кибер аюулгүй байдлыг хариуцсан 3 сая мэргэжилтэн дутагдалтай байгаа ажээ.  Хэрвээ засгийн газар бүр дангаараа энэ эрсдэлийг хянах гэж оролдох аваас өргөн хэмжээний кибер аюул улс орнуудын хамтын ажиллагаанд саад тотгор учруулна гэдгийг Давосын шинжээчид анхаарууллаа.


Өөр нэгэн эрсдэл нь цагаачлалтай холбоотой. Хэдийгээр 2020 онд олон оронд хөл хорио тогтоосон боловч элдэв хямрал сөргөлдөөнөөс дайжсан 34 сая хүн бусад улсад цагаачлан гарсан нь түүхэнд байгаагүй их тоо мөн. Гэтэл цар тахлын үед эдийн засгийн протекционист бодлого улам чангарсны улмаас цагаачид ажил олж хийхийн тулд өмнөхөөс илүү саад бэрхшээлтэй тулгарах боллоо.  АНУ-д гэхэд, 11 сая ажлын байр эзэнгүй байгаа бол Европын Холбооны улсуудад авто тээврийн салбарт гэхэд 400 мянган ажилчин дутагдаж байгаа гэх мэт.


ДЭЗФ-ын шинжээчдийн онцолсон бас нэгэн аюул бол, амьтан, ургамлын төрөл зүйлүүд ховордсоор байгаа явдал юм.Тэдгээрийн мөхөж устаж буй тоо хэмжээ нь сүүлийн 10 сая жилийн дунджаас хэдэн арав, хэдэн зуу дахин их байна. Энэ нь дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн тогтолцоонд аюул учруулж, эм үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд хомсдоход хүргэнэ. Түүнээс гадна, амьтан, ургамлын төрөл зүйлүүд ховордож, мөхөж устах нь уур амьсгалын өөрчлөлтийг улам түргэсгэнэ.


Илтгэлд дурдагдсан өөр нэгэн эрсдэл бол: сансрын уудмыг цэргийн зорилгоор ашиглах явдал эрчимжиж, сансрын тойрог зам дахь хог хаягдлын хэмжээ аймшигтай түвшинд хүрч нэмэгджээ. Өмнө нь хөөргөсөн 11 мянган төхөөрөмж дээр нэмэгдээд ойрын хэдэн арван жилд 70 мянга орчим хиймэл дагуулыг тойрог замд гаргахаар төлөвлөж байгааг шинжээчид жишээ татлаа. Үндэсний сансрын хөтөлбөрүүд нь улс орнуудын нэр хүндийн чухал хэсэг болсон учраас сансрын гүрнүүдийн клуб улам өргөжиж, Аргентин, Бразил, Египет, Иран, Турк зэрэг улсуудаар эгнээгээ тэлэх төлөвтэй байна. Сансрын амбиц нь дуунаас хэт хурдан гипер зэвсгийг ашиглан сансар дахь цэргийн сөргөлдөөнийг дэвэргэх эрсдэлтэй гэдгийг шинжээчид анхааруулжээ.


Б.Адъяахүү   

 

Холбоотой мэдээ