С.Амарсайхан: Хийн хоолой тавих төсөл бодит ажил болох шатанд шилжлээ

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-25 19:04:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр эцэслэн баталгаажууллаа. Монгол Улс, ОХУ-ын хооронд уг ТЭЗҮ-ийг эцэслэн батлах гарын үсэг зураг ёслолын үйл ажиллагаа “Шангри Ла” зочид буудалд болов. Энэ үйл ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас тодруулав.


-ТЭЗҮ-ийг баталснаар хоёр тал ямар тодорхой асуудлыг эцэслэн тохироод байна вэ?

-ОХУ-ын “Газпром” компанийн удирдлагууд манай улсад өнгөрсөн оны 3 дугаар сарын 12-нд ирж төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах, тандалт судалгаа, зураг төслийн ажлыг хийсэн. Үүний үр дүнд ажлын төлөвлөгөөг баталж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-ны дотор ТЭЗҮ-ийг бүрэн хийж дуусгасан. ТЭЗҮ-ээр юу тодорхой болсон гэвэл нэгдүгээрт, төслийг техникийн хувьд хэрэгжүүлэх боломжтой, хоёрдугаарт, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэдгийг тодорхойлсон.




Гуравдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэрээр, ОХУ-ын Хиагтаас Алтанбулаг, Алтанбулаг боомтоос Замын-Үүд хүртэлх 975 км хийн хоолойг төмөр замын трассын дагуу, 6 аймгийн нутаг дэвсгэрээр дамжуулан тавих ажлыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг тохиролцож төслийн ТЭЗҮ-г бүрэн хийж дуусаад өнөөдөр баталгаажууллаа. Одоо ингээд төслийг бодит ажил болгох дараагийн шатанд шилжиж байна. Ингэснээр бид зураг төслийн, инженерингийн нарийн төлөвлөлтүүдээ хийж эхэлнэ гэсэн үг.


Манай улс нутаг дэвсгэрээрээ дамжуулах байгалийн хийн хоолойноос хий авч хэрэглэх, дотоодын хэрэглээгээ хангах талаар ОХУ-ын талтай яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн.




ТЭЗҮ дээр мэдээж, ямар хэмжээтэй, ямар ажлууд хийх, энд техникийн ямар ажил хамаарах зэргээр олон асуудал ундарч байна. ТЭЗҮ-ээр нийтдээ төсөл хэрэгжүүлэхэд 7000 гаруй хүн хүч, хий дамжуулж шахах 5 станц ажиллана. Хийн цахилгаан станцуудаар тухай тухайн улсууд өөр өөрийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг хангах гээд энэ бол асар том ажил. ТЭЗҮ-ээр төслийн хүчин чадал, байгаль орчин, аюулгүйн ажиллагаа зэрэг бүгдийг тусгасан. Ерөнхийдөө жилд 50 тэрбум шоо метр хийн хоолойг дамжуулах том төслийн ажил эхэлж байна.


-Хийн хоолой манай улсын аль аль аймгийн, хэдэн сумын нутгаар дамжин өнгөрөх вэ?

-Зургаан аймгийн 20 сумаар дамжин өнгөрнө. Энд Сэлэнгэ, Төв, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймаг, Улаанбаатар хот орж байгаа.




-Дамжуулах хоолойн төсөлд манай улсын оролцоо хэр байх вэ, Хийн хэрэглээнээс авах уу?

-Манай улс уг хийн хоолойноос хий авч хэрэглэх, дотоодын хэрэглээгээ хангах талаар ОХУ-ын талтай яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн. Манай улсад мөн байгалийн хийн эх үүсвэртэй болгох зорилгоор эхний ээлжинд 1-2 цахилгаан станц барих, магадгүй төмөр замын дагуу, хийн хоолойг дагасан суурьшлын шинэ бүстэй болох, тэдгээрийг цаашид өргөжиж хөгжихөд хийгээр хангах орчин нөхцөлийг бүрдүүлэх, аажмаар манай улс хийн хэрэглээнд шилжих зорилтыг тавьж байгаа.




-Цаашид ямар баримт бичгүүдийг байгуулж хэлэлцээр ямар байдлаар өрнөх вэ? Бүтээн байгуулалтын ажил хэдийнээс эхлэх вэ? Ер нь төсөл хэдий хугацаанд үргэлжилж хэзээ бүрэн дуусах вэ?

-Одоо ингээд ТЭЗҮ-ээ батлаад дуусаж буй учир нарийн төлөвлөлт, бодит ажлынхаа зураглал руу орно. Энэ нь жилээс, жил хагасын хугацаанд байх төлөвтэй байгаа. Тэгээд бүтээн байгуулалтын ажил ерөнхийдөө 2024 онд эхэлсэн байхаар төлөвлөж байна. Бүрэн ашиглалтад орох хугацааг мөн л урьдчилсан байдлаар 2027-2028 онд байх болов уу гэсэн төлөвлөлттэй байгаа. Төслийн өртгийг ТЭЗҮ-д тусгаад эхнээсээ гараад явж байгаа. Цаашлаад ажлын, технологийн зураг төслийг хийгээд ирэхээр яг ямар хэмжээний ажил болох, хэдий хэмжээний төсөв, өртөг зардал гарах нь тодорхой болно.


-Энд Монгол Улс ямар хариуцлага, үүрэг хүлээх вэ. Тодорхой хэмжээгээр санхүүжилт гарч төсөв, бусад эх үүсвэрээс хөрөнгө оруулалт шаардагдах уу?

-Энэ талаар нэлээн ажил хийсний эцэст дараагийн шатны хэлэлцээрээр ярилцана. Энэ нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван улсын төсөл, хэлэлцээр. ОХУ-тай одоо эхэлсэн яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж, бичиг баримтаа бүрэн боловсруулна, Хятадын талтай хэлэлцээр хийнэ гээд цааш үргэлжлээд явна. Бүх ажил зэрэг явна гэж ойлгож болно. Бидний гол зарчим бол энд 3 талын харилцан үр ашигтай, хамтарч ажиллах боломжийг урт хугацаанд бий болгох явдал юм. Тийм учир энд нэлээн ажил орно.

Мэдээж энэ бүхэн Монгол Улсын хувьд эдийн засгийн үр өгөөжтэй байх ёстой. Үүнийг бид манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд Монгол Улсад орох орлого, хийн хоолойноос эх үүсвэр авах зардал нь ямар байх юм, ажиллах хүч, мэргэжлийн боловсон хүчин, засвар үйлчилгээ зэргээр олон талаас нь авч үзэж байгаа. Ер нь эдийн засгийн хувьд зөвхөн хий дамжуулах төлбөр тооцоо, орох орлогоос гадна бусад өгөөж бий болно гэж ойлгож байгаа. Төслийн явцад энэ бүхэн илүү тодорхой болно.



 

-Энэ нь 3 улсын төсөл. ОХУ дамжуулах хоолойн төслийн талаар хүлээн авагч БНХАУ-ын талтай хэлэлцэж байгаа талаар ОХУ-ын талаас мэдээлэв үү?

-Нөгөө хоёр улсын хооронд яриа хэлэлцээр хийж байгааг бидэнд мэдээлсэн Цаашдаа үргэлжлээд явна. Тэгээд мөн 3 улсын хооронд хамт явагдана. 

-Төслийн хүрээнд ажиллах хүчний хэдэн хувь нь Монгол Улсаас байх тухай хоёр талын тодорхой  зохицуулалт байгаа юу?

-Ажиллах хүчийг оруулах, ажиллуулах талаар манай улсын хууль бий. Энэ хүрээнд энэ ажлыг зохион байгуулж хийнэ. Мэдээж энэ нь өмнө нь манай улсад хэрэгжиж байгаагүй нарийн техник, технологийн том төсөл учир гол гол нарийн мэргэжилтнүүд ОХУ болон бусад улсаас ирж ажиллах байх. Бид дотоодын хүчийг бэлтгэх ажлыг давхар эхлүүлж байгаа. ОХУ-ын нефтийн чиглэлийн их, дээд сургуульд сургах, газар дээр нь дадлагажуулах, мөн дотооддоо сургах багш нарыг авчирч, ШУТИС, техникийн бусад сургуультай хамтарч боловсон хүчнээр хангана. Түрүү хэлсэн, төсөл дээр 1500-гаас эхлээд 7000 шахам хүн ажиллаж, ажлын байр ихээр шаардах учир тэр хэрээр мэргэжлийн ур чадвартай мэргэжилтэн ажилтан ажилчид хэрэгтэй болно.




Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ