Эрээн-Замын-Үүд боомтоор 10 хоногт 9157 тн ачаа нэвтрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг нээгээд 10 хоноход улсын хилээр 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлэг ачаа буюу 9157 тн ачаа нэвтрүүллээ.
ЗТХЯ, Авто
тээврийн үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газрын төлөөлөл Замын-Үүд болон бусад боомтын ачаа, тээврийн нөхцөл
байдлыг танилцуулах үеэрээ ийнхүү
мэдээлсэн юм.
Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар “Шадар сайдын ажлын хэсэг өдөр бүр хуралдаж, албаныханд үүрэг, чиглэл өгч байна. Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, коронавируст халдвар гарахгүй байх тохиолдолд чингэлэг тээврийг нэмэх боломжийг судалж байгаа. Дундын бүсэд ажиллаж буй тусгай албаны жолооч нарыг тусгаарлан хянаж, тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлж байна. Жолооч нар ачаа барааг Замын-Үүдээс нийслэл рүү тээвэрлэхэд оролцох боломжтой. Еврази руу тээвэрлэх боломжийг эрэлхийлэхийг Шадар сайд холбогдох газруудад даалгасан” хэмээв.
Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн “Өнгөрсөн 10 хоногт Замын-Үүд боомтоор нэвтрүүлсэн ачаанд давхардсан тоогоор хүнс, барилгын материал, гэр ахуй, тавилга, хувцас зэрэг 504 орчим нэр төрлийн бараа багтсан”-ыг дуулгасан юм.
Төмөр замын тээврийн талаар УБТЗ-ын Тээвэр зохион
байгуулалтын хэлтсийн орлогч дарга Д.Батмөнх ярихдаа, “БНХАУ-аас орж ирсэн чингэлгээс 47-г нь нийслэл рүү татан аваад байна. Өргөн царигаар Эрээн өртөөнөөс
чингэлэг, бусад ачааг татан
авах, нарийн царигаар БНХАУ болон гуравдагч орон руу экспортлох чиглэлээр
Хөххот, Бээжин хотын төмөр
замын албаны төлөөлөлтэй ярилцаж
байна. Одоогоор тодорхой
шийдвэр гараагүй” хэмээлээ.