Нийт зээлийн өрийн үлдэгдэл 21.3 хувиар нэмэгджээ

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-20 11:07:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 12 дугаар сарын эцэст 20.9 их наяд төгрөг болов.


Энэ нь өмнөх сарынхаас 618.0 (3.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.7 (21.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.


Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50.8 хувь нь иргэд, 47 хувь нь хувийн байгууллага, 1.3 хувь нь төрийн, 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх аж.


Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн 12 дугаар сарын эцэст 17.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 598.5 (3.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.9 (28.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Зээлийн өрийн үлдэгдлийн 85.5 хувийг хэвийн зээлийн өрийн үлдэгдэл эзэлж, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4.6 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 12 дугаар сарын эцэст 938.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 45.8 (4.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 331.3 (26.1 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 нэгж хувиар багасав.


Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл өнгөрсөн 12 дугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 65.3 (3.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 71.5 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 нэгж хувиар багасжээ.


Арилжааны банкууд, Монголын Ипотекийн корпорациас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 11 дүгээр сарын эцэст 5.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 60 (1.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 708.4 (14.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.

 

Холбоотой мэдээ