Монгол Улсын хүн ам 3.4 сая болж өсжээ

Монголын мэдээ | НИЙГЭМ
bolor@montsame.mn
2022-01-17 12:28:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүн ам 2021 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.4 сая болж өмнөх оныхоос 52.6 мянган хүнээр буюу 1.6 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.


Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцсийн байдлаар 71 166 эх амаржиж, 73 866 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оныхоос амаржсан эх 4 528 буюу 6.0 хувиар, төрсөн хүүхэд 4 080 буюу 5.2 хувиар тус тус багасжээ.

1000 хүнд ногдох төрөлт өмнөх оныхоос 1.5 нэгжээр буурсан байна. 1000 хүнд ногдох төрөлт Увс, Ховд, Говь-Алтай, Улаанбаатар хот, Өмнөговь, Орхон, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.2-4.4 нэгжээр дээгүүр, бусад аймагт 0.5-9.7 нэгжээр доогуур байна. Тухайлбал, 2021 онд Төв аймагт 1000 хүнд ногдох төрөлт 12.0 буюу хамгийн бага байна.

2021 оны жилийн эцсийн байдлаар нас баралт 20 002 болж, өмнөх оныхоос 4012 буюу 25.1 хувиар өсжээ. 1000 хүнд ногдох төрөлт 21.7, нас баралт 5.9, ердийн цэвэр өсөлт 15.8 байна. 1000 хүнд ногдох нас баралт өмнөх оныхоос 1.1 нэгжээр нэмэгдсэн.

1000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хотод улсын дунджаас 0.5 нэгжээр дээгүүр, Сүхбаатар болон Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-1.5 нэгжээр доогуур байна. 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Баян-Өлгий, Говьсүмбэр, Өмнөговь, Ховд, Орхон, Говь-Алтай, Увс аймаг, Улаанбаатар хотод улсын дунджаас 0.2-5.7 нэгжээр дээгүүр, харин бусад аймагт 0.5-9.4 нэгжээр доогуур байна.

Холбоотой мэдээ