Японы тэрбумтантай сар руу аялах хүмүүс удахгүй тодорно

ДЭЛХИЙД | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2022-01-07 15:53:43

ТОКИО. /TASS/. Японы тэрбумтан, бизнес эрхлэгч Маэзава Юсакү 2023 онд Америкийн “SpaceX” компанийн бүтээсэн хөлгөөр түүнтэй хамт сар руу аялах найман хүний ​​сонгон шалгаруулалт удахгүй дуусах гэж байгааг мэдээлжээ. 


"Анкет цуглуулж эхэлснээс хойш нэг жил орчим хугацаа өнгөрч, дэлхийн өнцөг булан бүрээс 1 сая орчим хүн миний саналд хариу өгсөн. Бид одоо сонгон шалгаруулалтын эцсийн шатанд байгаа бөгөөд тэнцсэн хүмүүсийн нэрсийг оны эхээр танилцуулах бодолтой байна" гэж тэрбээр баасан гарагт Токиод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.


Өдгөө 46 настай Маэзава 2018 онд “SpaceX” компанийн анхны сансрын жуулчнаар сонгогджээ. Тэрбээр сар луу нисэх хөлгийн бүх суудлыг худалдаж авсан байна. Маэзава болон түүний сонгосон хүмүүс нийлээд нийтдээ 10-12 хүн сар луу нисэх ёстой юм. 


Маэзава бол хувцасны цахим худалдааны "Zozo" сайтыг үүсгэн байгуулагч, тэргүүн нь юм. Үүнээс гадна, тэрбээр Японы хамгийн чинээлэг иргэдийн нэг ажээ. “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, 3 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй гэнэ.


Маэзава өнгөрсөн оны 12 дугаар сард Оросын "Союз МС-20" жолоодлогот хөлгөөр ОУСС руу аялаад ирсэн билээ.


Холбоотой мэдээ