Дорнод аймаг 2022 оныг "Ёс зүйг дээдлэх жил" болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-01-06 21:19:55

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг 2022 оныг "Ёс зүйг дээдлэх жил" болгон зарлалаа. Энэ хүрээнд юун түрүүнд төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, түргэн шуурхай хүргэж, шударгаар ажиллах шаардлагыг бүх түвшинд тавина гэдгээ Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн онцлов.

Түүнчлэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, цахим шилжилтийн хүрээнд иргэд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хянах, шийдвэр гаргах явц, иргэний өргөдөл, хүсэлт гомдлыг аль шатанд хэдий хугацаанд, хэрхэн шийдвэрлэж байгааг ил тод байлгахын тулд тусгай программ нэвтрүүлэх аж.

"Архидан согтуурахтай тэмцэх хууль"-ийн хэрэгжилтэд онцгой анхаарч, аймгийн удирдлага, төрийн байгууллагаас эхлээд архины зохистой бус хэрэглээ, архидан согтуурахтай тэмцэх ажлыг үлгэрлэн манлайлах зорилтыг дэвшүүлж байгаагаа зарлалаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгааг тэрээр анхааруулсан. Ажлын байранд, ажлын цагаар, томилолтоор ажиллаж байх явцдаа согтууруулах ундаа хэрэглэх байдалтай хатуу тэмцэнэ гэв.

Холбоотой мэдээ