Аймгийн онцгой комиссын энэ оны эхний хуралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-06 13:22:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 2022 оны эхний хуралдаан шинэ оны эхний долоо хоногт боллоо. Бүрэн бүрэлдэхүүнээрээ Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болсон бөгөөд аймгийн онцгой комиссын дарга холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өгөв.

Үүнд: Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын гадна ариун цэврийн өрөөг дулааны улиралд булж, устгах, хувийн бизнес болон гадаад улс руу явах иргэдээс коронавируст халдварын ПГУ шинжилгээг төлбөртэй авах талаар судлан танилцуулахыг үүрэг болголоо. Мөн түлш, эрчим хүчний байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, танилцуулах, эмчлэн тусгаарлах байраар ашиглаж байсан Уул, уурхайн политехникийн коллежийн харъяа “Оюу толгой”-н оюутны дотуур байрны урсгал засварын зардал болон гамшгийн үед ашиглах цахилгаан үүсгүүрт шаардлагатай зардлын нөхцөл байдалтай биечлэн танилцах шийдвэрлэхийг холбогдох хэлтэс, агентлагт даалгалаа.

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх, коронавируст халдвараас бусад эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, ажиллагсдын харилцаа хандлагад анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм. Түүнчлэн  мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постыг 2022 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг дуустал зохион ажиллуулах, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед зөрчил гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалсан хоёр ААНБ-ын тусгай зөвшөөрлийг сэргээх,  шуурхай штабын хэсэгчилсэн хуралдааныг даваа гараг бүр зохион байгуулж, шаардлагатай үед аймгийн Онцгой комиссын хуралдуулах, 2022 оны 4 дүгээр сард эхлэх мал, амьтны шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтын ажлын бэлтгэл ажил, вакцин татан авах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, гэр оронгүй иргэдэд хяналт тавьж ажиллахыг тус тус даалгалаа. 

Холбоотой мэдээ