О.Цогтгэрэл: АН-ын Онц их хурлыг УДШ хүчин төгөлдөр гэж үзсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-03 12:47:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Онц их хурлыг Улсын дээд шүүх хүчин төгөлдөр хэмээн бүртгэсэн тухай УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэв. 


Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлэхдээ, "12 дугаар сарын 31-нд УДШ-ээс 11 хуудас бүхий тогтоол албан ёсоор гардуулсан. Үүнд ноднин 11 дүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн байгаа юм. Тиймээс төлөөллийн төв байгууллага дараагийн шийдвэрийг авч ажиллана. УДШ-ээс нөгөө талд байгаа АН-ын Үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Тиймээс тус хорооноос өнгөрсөн хугацаанд гарсан бүх шийдвэр, тогтоол хүчингүй" хэмээв. 


АН-ын Үндэсний бодлогын хорооны зохион байгуулсан уг хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн ч тус хурлаар сонгосон намын даргыг УДШ хараахан бүртгээгүй ажээ. 


Ташрамд дурдахад, ноднин 11 дүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хуралд 1300 гаруй төлөөлөгч 21 аймаг, 9 дүүргээс оролцсон. Тус намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийнхээ хүрээнд энэхүү хурлыг зохион байгуулсан юм. Хурлаар, есөн тогтоол батлахыг зэрэгцээ намын даргаар О.Цогтгэрэлийг сонгосон. Дээрх тогтоолыг УДШ-д хүргүүлээд байсан юм. 

Холбоотой мэдээ