Ц.Гүнжинлхам: Аавыг тусгаарлан өндөр нууцлалтай мэдээ орчуулуулдаг байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-01-02 16:12:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой өнгөрч буй онд тохиов. Эх орны хөгжил, бүтээн байгуулалтын түүхийг зуун жил бичилцэж ирсэн МОНЦАМЭ агентлагт манай улсын сор болсон олон арван сэхээтэн, орчуулагч, сэтгүүлч уран бүтээлч ажиллаж ирсний нэг нь нэрт орчуулагч, сэтгүүлч Ренчиннямын Цэрэндаш байв. Түүний охин Ц.Гүнжинлхамаас аавынх нь талаар тодруулсан юм.


-Р.Цэрэндаш гуай Б.Ринчен нарын их эрдэмтэдтэй “Үнэн” сонинд ажиллаж, тэндээсээ МОНЦАМЭ агентлагт ирж ажиллаж байсан гэдэг. Хэр удаан ажилласан бэ?

-Тийм ээ, тухайн үед “Үнэн” сонин, МОНЦАМЭ агентлаг нэг салбарын гэдгээр сэтгүүлч, редактор, орчуулагч нараа шилжүүлэн ажиллуулж байсан юм билээ. Аав Мэдээлэл, радио, телевизийн Улсын хорооны харьяанд ажиллаж байсан. Мөн тухайн үеийн төрийн дээд байгууллага намын Төв хороонд байж төрийн мэдээллийг орчуулдаг байсан. Яг ажлын нарийн зааг ялгааг үүнээс цааш би сайн мэдэхгүй байна.

Ямар ч байсан намайг бага байхад аав гадаад дотоодод маш их явдаг, гэртээ бараг байдаггүй байсныг санаж байна. Би өвөө эмээ дээрээ өссөн, аав ээж бүгд ажилдаа явчихдаг зуны амралтаар хааяа л нэг ирж уулздаг байсан. Нутагтаа ирж наадмаа үзнэ, хадлан бордоогоо авна, хажуугаар нь ажлаа хийдэг тийм л их ажилсаг нямбай хүн байсан даа. Ер нь ажил хөдөлмөрөөр хүмүүжсэн, төрийн орчуулагч ажил ихтэй хэрнээ монгол ахуйдаа их ойрхон тийм л хүн байсан.


-Аль нутгийн хүн бэ? Анх ямар сургуульд сурч, ямар мэргэжилтэй болж байсан талаар тодруулна уу?

-Миний аав Хэнтий аймгийн Биндэр суманд 1937 онд төрсөн. 1945 онд сумынхаа 7 жилийн сургуульд элсэн орж 1953 онд 7 дугаар ангиа төгсөөд 1957 онд Хэнтий аймгийн  Өндөрхааны 1 дүгээр 10 жилийн сургуулийг ганцаараа алтан медальтай онц төгсөж байсан. Хуучнаар ЗХУ-ын Ленинград хотод цаг уурын инженерийн мэргэжлээр төгсөөд Монголдоо ирээд “Үнэн” сонин, МОНЦАМЭ агентлагт орчуулагчаар 18 жил ажилласан.


-Р.Цэрэндаш гуай 3-4 хэл мэддэг хүн байсан гэсэн. Олон хэлийг яаж сурсан юм бол?

-Багаасаа хэл сурах сонирхолтой, авьяастай байсан хүн. Орос, англи, герман гэсэн гурван хэлээр яг уугуул иргэн шиг ярьдаг. Бусад хэлийг зохих түвшинд мэддэг. Өөрөө бие дааж хэл сурдаг байсан. Маш их материал цуглуулж эм зүйгээр янз бүрийн хайчилбар цуглуулж түүнийгээ өөрөө бүх хэлээр орчуулдаг байсан. Цаг уурч хэрнээ орчуулагч хос мэргэжилтэй болсон хүн. Найз нөхөд ангийнхан нь, дүү нар нь их сургуулиа төгсөхөд мэргэжил болгон дээр орчуулга хийдэг. Эдийн засаг, мэргэжлийн дипломын ажил, эмнэлэг, эм зүй гээд мэргэжил болгон дээр орчуулдаг байсан.


-Унаган их авьяастай хүн байж. Ямархуу зан чанартай хүн байв? Их дөлгөөн, олондоо тусч хүн байсан гэдэг...?

-Манай аав хүнд их тусархуу, бүх юмыг л би хийж чадна гэсэн хүсэл эрмэлзэлтэй их дэврүүн сэтгэлтэй, байнга инээмсэглэж явдаг тийм хүн байсан даа. Номыг өглөө босоод, мөн орой унтахдаа уншдаг байсан. 2001 онд нас барсан. Аавтай хамт 7 болон 10 дугаар анги төгссөн, ангийн хүүхдүүд нь аавыг их гоё зураг зурдаг, математикийн бодлогыг маш хурдан боддог хүүхэд байсан гэж дурсан ярьдаг.


-Та түрүү Төв хороог дурдсан. МОНЦАМЭ-гээс хойш ажиллаж байсан гэсэн үг үү?

-Сүүлд намын Төв хороонд Улс төрийн Товчооны гишүүн С.Жалан-Аажавын орчуулагчаар ажиллаж, дандаа хамт явдаг байсан. МАХН-ын 15-18 дугаар Их хурлын тогтоолуудыг орос хэл рүү орчуулж, бичээчийнхээ алдааг шууд хянаж өгдөг, синхрон орчуулагч хүн байсан. Тухайн үед аавыг ямар ч хүнтэй уулзуулахгүйгээр намын Төв хороонд байлгаад нууцлалын өндөр зэрэгтэй гадаад, дотоодын мэдээг орчуулуулдаг байсан. Бүр 7 хоногоор тусгаарлаад орчуулга хийдэг байсан гэв.



С.Дорждагва: Би түүнээс та яагаад МОНЦАМЭ-гээсээ гарчихав. Ажлаасаа гарсан бол албан тушаал байх ёстой. Улстөртэй холбоотой, нам талаасаа буруутгасан байж магадгүй ч гэсэн ямар ч байсан ажлаас гарсан тушаал шийдвэр байх ёстой, та Улаанбаатар явж олж үзмээр юм гэхэд “Нээрээ тийм юм болов уу. Одоо надад олдох болов уу” гэж хэлж байсан. 




Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн С.Дорждагва гэр бүлийн хамт


Р.Цэрэндаш гуайн талаар нутгийн хүн, Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн, тус сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан С.Дорждагваас мөн тодруулав. Тэрээр, “Цэрэндаш гуайн аав нь манай ээжтэй хамт Орост буриадууд нутаглаж байсан Яруунд багаасаа хамт тоглож өссөн, Яруунаас гаралтай, хожим Монголд орж ирсэн буриад хүмүүс юм. Ринченням гуай хуучны ёс заншлыг сайн мэддэг, юм мартдаггүй, айхтар ой сайтай, нутгийн тулх, намбатай буурлуудын нэг, эглийн эгэл хүн байсан. Халх голын тулаанд Монгол Улсын ууган баатар Ш.Гонгортой хамт алба хааж байсан” гэв.

Тэрээр цааш нь дурсан ярихдаа, “Цэрэндаш гуай манай ах Дэмбэрэлтэй нэг үеийнх. Нэгэн дурсамж ярихад, манай ахыг нутгийн нэг хүнтэйгээ хамт нийслэлд ирчихээд жаахан дотор муу явж байхад нь Цэрэндаш гуай таарч. Нутгийн хоёрыг хараад мань хүн таамаглан, “За та хоёр энэ Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт байж бай. Би удахгүй ээ” гээд талбай хөндлөн гарч, МҮЭ-ийн Төв зөвлөлийн байшин руу орсон гэж байгаа. Нөгөө хоёр хүлээгээд байж. 2-3 цаг болсны дараа Цэрэндаш гуай энгэртээ МҮЭ-ийн Төв зөвлөлийн тэргүүний ажилтан гэсэн тэмдэг зүүчихсэн, 700 төгрөг багсайтал атгачихсан хүрч иржээ.

Яасан гэхээр тэр үед МҮЭ-ийн Их хурал болж байж. Их хурлын илтгэлийг орос, монгол хэлээр шууд бичиж, мөн түргэн хугацаанд орчуулж хэлж өгөөд шагналыг нь аваад гарч ирж л дээ. Тэгээд нутгийн хоёр Цэрэндашийнхаа буянаар хотод хэд хоногийг сайхан өнгөрөөсөн гэсэн ахын дурсамж бий.  




Р.Цэрэндаш гуай сүүлийн жилүүдэд Биндэр нутагтаа ирж амьдарсан. Би түүнээс та яагаад МОНЦАМЭ-гээсээ гарчихав. Ажлаасаа гарсан бол тушаал байх ёстой. Улстөртэй холбоотой, нам талаасаа буруутгасан байж магадгүй ч гэсэн ямар ч байсан ажлаас гарсан тушаал шийдвэр байх ёстой, та Улаанбаатар явж тушаалаа олж үзмээр юм гэхэд “Нээрээ тийм юм болов уу. Одоо надад олдох болов уу” гэж хэлж байсан. Их юм ярьдаг байсан ч залуу байсан бид нар нутгаасаа төрсөн тэр мундаг хүний үгийг өнгөц сонсож, дурсамж яриаг бүрэн хэлүүлж чадаагүйд, тэр сайхан хүнийг хойч үеийн үр хүүхэд нь мэдэхгүй өнгөрч байна уу даа гэдэгт харамсаж явдаг”-аа хэлсэн юм.

Тэрээр, “Манай нутгийн их бичгийн хүн Р.Цэрэндаш бол Монголдоо орчуулгаар гарын таван хуруунд багтах хүн байсныг олон хүн дурсан ярьдаг. Монгол Улсын түүхэн олон үйл явдлын гэрч болж, сансарт монгол хүн анх ниссэн үйл явдлыг анхнаас нь орчуулж байсан хүн” гэв. Сүүлд манай хүнийг "Их Засаг" дээд сургуулийн захирал Н.Ням-Осор урьж аваачаад хотод ажиллаж байгаад хожим өнгөрсөн гэв.


Нэрт орчуулагч Р.Цэрэндашийнх 3 охин, 4 хүү, 7 хүүхэдтэй. Түүний охин Ц.Гүнжинлхам хамгийн отгон нь юм. Тэрээр багш мэргэжилтэй, бага ангийн хүүхдүүдийн хичээлээс гадуурх оролцоог дэмжих чиглэлээр ажиллаж байна.

Жич: МОНЦАМЭ агентлагийн Гадаад мэдээний редакцийг буюу одоогийн орос хэлний мэдээллийн албыг Монголын нэрт орчуулагч Р.Цэрэндашийн нэрэмжит болгож байв.

Холбоотой мэдээ