Жалгас Адилбаев: Цаашдаа хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах шаардлагатай

Монголын мэдээ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2022-01-24 11:48:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд Ж.Адилбаевтай ярилцлаа. 

 

-Монгол Улс болон Казахстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн 30 жилийн хоёр орны харилцааны ололт, амжилтуудаас дурдвал?

- Манай хоёр улсын хооронд 1992 оны 1-р сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. 1997 оны 5-р сард Улаанбаатар хотноо БНКазУ-ын Дипломат төлөөлөгчийн газрыг нээж, 2007 онд Элчин сайдын яамаа  байгуулсан. 1992 оны 9-р сард Алматы хотод Монгол Улсын Элчин сайдын яам ч нээгдсэн юм. 1998 онд тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч  байсан Н.Багабанди манай улсад айлчилж, 1999 онд БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад хариу айлчлал хийсэн явдал нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд том түлхэц болсон. Манай Ерөнхийлөгч К.Токаев 2006 онд Гадаад хэргийн сайдын хувьд, мөн 2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн хувьд («Шинэ ардчилал» олон улсын хуралд оролцох зорилгоор) Монгол Улсад хоёр удаа айлчилсан билээ.

1991 оноос хойш талууд 40 гаруй олон улсын гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 2019 оны 10-р сарын 10-12-ны хооронд  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал нь нэлээд чухал айлчлал байсан. Энэ үеэр БНКазУ-ын анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев болон Ерөнхий сайд А.Маминтэй хийсэн уулзалтаар олон жилийн туршид хуримтлагдсан чухал асуудал шийдлээ олж, худалдаа эдийн засгийн салбар болоод бусад олон талт хамтын ажиллагааг хамтран урагшлуулах тухай тохиролцоонд хүрсэн юм.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 10-р сарын 11-12-ны өдрүүдэд Нур-Султан хотод болсон АХАИББХ-ын Гадаад харилцааны сайд нарын ээлжит хуралдаанд оролцож, 10-р сарын 13-14-ний өдрүүдэд Казахстан Улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөшүүрэг болсон гэж болно. Сайд Б.Батцэцэг  Ерөнхийлөгч К.Токаев, Ерөнхий сайд А.Мамин, Худалдаа, интеграцын сайд Б.Султанов нартай уулзаж, Гадаад хэргийн яамны удирдлагуудтай  хэлэлцээ хийж, БНКазУ-ын Худалдаа, интеграцын яам болон Монгол Улсын ГХЯ-ны хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ үеэр бас БНКазУ-ын Худалдаа, интеграцын яам болон Монгол Улсын ГХЯ хооронд  2021-2024 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталгаажуулж гарын үсэг зурсан.

Өдгөө Казахстан-Монголын Засгийн газар хоорондын комисс амжилттай ажиллаж байна. Энэ хугацаанд уг комисс 8 удаа хуралдсан. Энэ жилийн эхний хагаст Улаанбаатар хотод  тус комиссын 9-р хуралдааныг зохион байгуулахаар талууд тохиролцсон юм. Соёл, хүмүүнлэгийн салбарт  найман хэлэлцээрт гарын үсэг зурсан. Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд жил бүр талууд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.


 

- Цаашид хоёр талын харилцааг  өргөжүүлэх ямар ямар боломж байна гэж та үзэж байна вэ? 

- 2022 онд БНКазУ болон Монгол Улсын хооронд Найрсаг хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулагдсаны 29 жилийн ой тохиож байна. Хэдийгээр өнөөдөр хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж байгаа ч цаашид шинэ шатанд гаргах ёстой. Иймд талууд дээд түвшний харилцааг идэвхжүүлэх шаардлагатай. Тухайлбал, энэ жил БНКазУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлал хийх талаар яригдаж байгаа. Парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Мөн цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зорилгоор хоёр улс бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнгүүд гаргаж, эдийн засгийн форум зохион байгуулснаар хамтын ажиллагааг улам бэхжүүлэх боломжтой. Жишээ нь, Казахстаны үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн, Эдийн засгийн форум зэргийг Улаанбаатар хотод зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаа.

Түүнчлэн 2022 оны хоёрдугаар хагаст Казахстанд болох АХАИББХ-ын ээлжит дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын төр засгийн тэргүүн нар  оролцоно гэдэгт итгэл дүүрэн байгаа.

2020 оны 10-р сарын 14-нд Казахстан-Монголын ГХЯ-дын газрын дарга нарын түвшинд Зөвлөлдөх уулзалт цахим хэлбэрээр болсон. Энэ жил уг жишгийг үргэлжлүүлж, зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд нарын түвшинд зохион байгуулах бодолтой байна.

Хоёр улсын хувьд аялал жуулчлалыг харилцан хөгжүүлэх маш их боломж бий. Тухайлбал, 2021 оны 10-р сарын 13-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны Ерөнхийлөгчид бараалхах үеэр К.Токаев ерөнхийлөгч Монголын талтай аялал жуулчлалын кластерын чиглэлд туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Казахстан-Монголын газар нутгийг хамрах «Чингис хааны мөрөөр» хэмээх аялал жуулчлалын маршрут боловсруулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Төрийн тэргүүний зүгээс хоёр орны нийтлэг түүх, ах дүүгийн харилцааг онцолж, Монголын талыг аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллахыг санал болгосон юм.

Элчин сайдын яам бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллалаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 10-р сарын 10-12-ны өдрүүдэд Казахстан Улсад хийсэн албан айлчлалын үеэр гарын үсэг зурсан Нур-Султан болон Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай гэрээний хүрээнд Монголын нийслэлд Нур-Султаны нэрэмжит гудамж нээж, түүнийг зүлэгжүүлэх, явган хүний ​​зам тавих, гэрэлтүүлэг хийхээр тохирсон. Одоогоор цар тахлын улмаас энэ ажил хойшлогдсон байгаа ч цаашид хоёр улсын нийслэл хотын захиргаа энэ гудамжийг нээх ажилд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэдэгт найдаж байна. Үүнээс гадна, Элчин сайдын яамны зүгээс цаашид Талдыкорган хот (Алматы муж) болон Налайх дүүрэг (Улаанбаатар хот) хооронд ах, дүүгийн харилцаатай болгох тухай санамж бичигт гарын үсэг зурах ажлыг бэлэн болгохоор төлөвлөж байна. Энэ жил зохион байгуулагдах ажлуудын нэг болох Дорнод Казахстан муж болон Ховд аймаг хоорондын харилцааг зохицуулах санамж бичиг боловсруулах, «Өскемен-Өлгий» эсвэл «Өскемен-Ховд» чиглэлд бүс нутаг хоорондын нислэг үйлддэг болох асуудлыг хэлэлцэх ажлыг дурдаж болно.

Ташрамд дурдахад, Монголын бизнес эрхлэгчдийг энэ оны 7-р сарын 13-14-ний өдрүүдэд Нур-Султан хотод, мөн 7-р сарын 28-29-ний өдрүүдэд Костанай хотод болох Jana Dala/Green Day 2022” олон улсын мэргэжлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байгаа.

 

-2021 онд Казахстан-Монголын хооронд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа хэрхэн өргөжиж хөгжсөн бэ? 

- 2021 оны 1-11-р сард хоёр талын худалдааны эргэлт 50.7 сая ам.доллар, үүнээс экспорт 48.4 сая ам.доллар, импорт 2.30 сая ам.долларт хүрсэн.  Сүүлийн 2 жилийн хугацаанд  цар тахлын улмаас худалдааны эргэлт нэлээд буурсан үзүүлэлттэй байна. Мэдээж энэ нь талуудын эдийн засгийн бололцоог бүрэн илэрхийлж чадахгүй. Монголын гадаад худалдаанд Казахстан Улс экспортлогч хэвээр байгаа.

Хоёр улсын Засгийн хоорондын комисс ажиллаж байна. Комиссын 8-р хуралдаан 2020 оны 11-р сарын 25-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан. Энэ оны эхний хасагт 9-р хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Казахстаны «Symbat Engineering» болон Монголын «Эрдэнэс Алт ресурс» ХХК алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барих  төслийг хэрэгжүүлэх асуудлыг судалж байгаа. 2019 оны 6-р сарын 3-нд эхэлсэн  «SCAT» компанийн «Нур-Султан - Улаанбаатар», мөн 2020 оны 9-р сарын 28-нд хэрэгжиж эхэлсэн «Хүннү Эйр» компанийн «Улаанбаатар-Алматы» чиглэлийн шууд нислэгүүдийг цар тахлын дараа сэргээх ажил хийгдэж байна.

Өнгөрсөн жил Кызылорда хотод арьс, ноос боловсруулах хамтарсан аж ахуйн нэгж байгуулах асуудлаар талууд цахим уулзалтууд хийсэн юм. Энэ жил Кызылорда мужийн захиргааны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, хэлэлцээр хийнэ гэж бодож байна.

2021 онд Тэтгэврээр хангах тухай БНКазУ, Монгол Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх хамтарсан ажлын хэсэг 4 удаа цахимаар хуралдсан. Одоо талууд уг хэлэлцээрийг дотооддоо хэлэлцэх ажлыг хийж байна.

Хөрөнгө оруулалтын салбарын хувьд 2021 оны 4-р сарын 23-нд болсон Kazakh Invest компани  болон Монгол Улсын Үндэсний хөгжлийн газрын хооронд хөрөнгө оруулалтын бодлого болон хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хийсэн онлайн уулзалтыг дурдаж болно. 2021 оны 12-р сарын 2-нд болсон Almaty Investment Forum-2021 олон улсын хөрөнгө оруулалтын форумд Үндэсний хөгжлийн газар болон ГХЯ-ны төлөөллүүд цахим хэлбэрээр оролцсон нь хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааны нэг жишээ юм.

2021 оны 7-р сарын 21-нд «Самурык-Казына» үндэсний баялгийн сан болон УИХ-ын гишүүдийн хооронд үндэсний баялгийн сан байгуулах асуудлаар онлайн уулзалт хийсэн. 2021 оны 9-р сарын 14-нд ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр БНКазУ-ын Аж үйлдвэр, дэд бүтцийн яамны Тээврийн хорооны Тээврийн дижитал менежментийн хэлтэс болон Монгол Улсын ЗТХЯ-ны Тээврийн бодлого хэрэгжүүлэх газрын хооронд зөвшөөрлийн бланкийг цахим хэлбэрт шилжүүлэх асуудлаар цахим хурал хийсэн.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун тэргүүтэй томоохон бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2021 оны 10-р сарын 20-22-ны өдрүүдэд Нур-Султан хотод болсон «KazAgro-2021» олон улсын газар тариалан, хөдөө аж ахуйн үзэсгэлэн, «KazFarm-2021» мал аж ахуй, мах, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцож, KazBeef” үхрийн махны үйлдвэрийн ажилтай танилцсаны зэрэгцээ Казахстаны Хөдөө аж ахуйн сайд Е.Карашөкеевтэй уулзсан нь хөдөө аж ахуйн хоёр талт харилцааг урагшлуулах түлхэц боллоо.

Казахстаны тал хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд Монголын туршлагаас суралцах сонирхолтой байдаг. Энэ хүрээнд өнгөрсөн жил 11, 12-р сард Казахстаны Хөнгөн үйлдвэрийн холбоо болон Монголын Ноос ноолуурын холбоо, БНКазУ-ын Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яам, Монголын талын хооронд хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг хамтран урагшлуулах асуудлаар онлайн уулзалт зохион байгуулагдлаа.

 

- Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Элчин сайдын яамнаас хэрхэн тэмдэглэх төлөвлөгөөтэй байна вэ?

-  Казахстан болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан хамгийн түрүүнд хоёр орны тэргүүн нарын хооронд, мөн Гадаад харилцааны сайд нарын хооронд харилцан мэндчилгээ солилцох ажил хийгдэж байгаа.

Мөн энэ жил Улаанбаатар хотод энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан эрдэм шинжилгээ-практикийн бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах, Казахстаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд М.Тлеубердийн энэ  ойд зориулсан  нийтлэлийг хэвлүүлэх  зэрэг ажлыг зохион байгуулна.

 

- Казахстан улсын талаас хилийн чанад дахь казах иргэдэд чиглэсэн ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг вэ?

- Монгол Улс гадаадад амьдардаг казах иргэдийнхээ тоогоор тэргүүлдэг  бөгөөд Элчин сайдын яам эдгээр иргэдийг түүхэн нутагтайгаа харилцах холбоог бэхжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа.

Тухайлбал, Монголд амьдардаг казахуудын эх хэл, соёл, ёс уламжлалыг хадгалахад дэмжлэг үзүүлэх тухай Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл ТББ-ын тэргүүн Н.Тлеухантай байнга ярилцаж, уулзалт зохион байгуулдаг. Үүний үр дүнд Улаанбаатар хот дахь Идэр их сургуульд казах хэлний анги нээх асуудал судлагдаж байгаа.

Түүнчлэн Монгол Улсад амьдардаг казах иргэдийн төлөөлөл буюу тухайлбал, «Отандастар Сан» /Нутаг нэгтнүүдийн сан/-гийн Өлгий хот дахь албан төлөөлөгч О.Хабсатар, Ховд, Дархан, Шарын гол, Эрдэнэт зэрэг хот дахь Нутгийн зөвлөлийн гишүүдтэй онлайн хэлбэрээр дугуй ширээний уулзалт зохион байгуулагдаж, гадаад орнуудаас шилжин суурьших хүсэлтэй иргэдэд Казахстаны төр засгийн зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон бусад шаардлагатай хөтөлбөрийн тухай мэдээлэл өгсөн.

Элчин сайдын яамны санаачилгаар Улаанбаатар хотод «Ахмадын зөвлөл»-ийн анхны уулзалт болж, үндэсний үнэт зүйлийг сурталчлан таниулах чиглэлд санал солилцож, энэ оны 4-р сараас эхлэн Элчин сайдын яам «Отандастар сан» ашгийн бус хувьцаат нийгэмлэгтэй хамтарч Монгол Улсад оршин суудаг казах иргэдийн эх хэлээ хамгаалахад дэмжлэг үзүүлэх үүднээс казах хэлний онлайн курсийг хэрэгжүүлсэн болно.

    Улаанбаатар хотод казах иргэдийн томоохон төлөөллүүдийн нэг болох «Turan World» ХХК-ийн тэргүүн Ашикийн Ерболатын санаачилга, Казахстаны Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр «Амьдралын эх булаг» хэмээх цус хандивлах сайн үйлсийн аян болж өнгөрлөө. Аянд Улаанбаатар хотод амьдардаг казах иргэд, мөн Элчин сайдын яамны ажилтнууд идэвхтэй  оролцлоо. 


Эх сурвалж: Монгол Улсад суугаа БНКазУ-ын Элчин сайдын яам

Холбоотой мэдээ