ХӨСҮТ-д халдвараас хамгаалах хаалт хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газраас Тайванийн засгийн газар болон "Ци Жи буяны сан" ТББ-ыг төлөөлөн ХӨСҮТ-д халдвараас хамгаалах нийт 200 ширхэг хаалт хандивлалаа.
Тайванийн Хуа Лиэнь хотын Ци Жи эмнэлгийн яаралтай тусламжийн
тасгийн эмчийн зохион бүтээсэн тус хаалтыг өвчтөнг эмнэлэгт хүргэхээс
өмнө эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх явцад ашиглахад нэн тохиромжтой юм. Халдвараас
хамгаалах тус хаалттай амьсгалын аппарат шууд залгах боломжтой бөгөөд ашиглах
явцад эмнэлгийн ажилтнууд өвчтөнд шаардлагатай анхны тусламж үзүүлэх бүрэн
боломжтойг онцолсон юм.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ,
“Тайваньчууд 2020 онд Монгол Улсад халдварт өвчний эсрэг гуурс хатгадаг
хайрцаг, эмнэлгийн зориулалттай амны хаалт, тусгаарлалтын бүсэд ашиглах
эмнэлгийн зориулалтын хамгаалах хувцас болон халдвар хамгааллын хувцас зэргийг хандивласан
явдалд гүнээ талархаж байна. Энэ онд Тайваньчууд халдвараас хамгаалах
тусгаарлах хаалт манай улсад хандивлаж байгаа бөгөөд өнгөрсөн хоёр жилийн
хугацаанд Тайваньчууд нийт 400 мянган ам.долларын өртөг бүхий халдвар,
хамгааллын хэрэгсэл хандивлажээ” гэв.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ, “Монгол Улсад “COVID-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо эрс буурч, халдварт өвчнийг үр дүнтэй хяналтдаа авч чадсан. ХӨСҮТ нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн орны ард иргэд, Монгол оронд ажиллаж амьдарч буй Тайвань иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалж буй явдалд дахин талархал илэрхийлье. Тайвань Монгол хоёр орон коронавирусний дельта хувилбар тархалтыг үр дүнтэй таслан зогсоож чадсан хэдий ч дэлхий даяар тархаад буй омикрон хувилбарын аюул нүүрлэж байна. “COVID-19” болон бусад халдварт өвчнөөр өвчилж, гэрээр эмчилгээг хийлгэж буй иргэдийн биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгдэн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай болсон нөхцөлд Тайваньчуудын зохион бүтээсэн халдвараас хамгаалах тусгаарлах хаалтыг хэрэглэж болох юм” хэмээв.