Герман Их Британиас ирэх иргэдэд шинэ хязгаарлалт тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-20 12:00:07

БЕРЛИН. /DW/. Их Британид коронавирусний “омикрон” хувилбар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан тус улсыг эрсдэлтэй хувилбар тархаж буй бүс нутгийн ангилалд оруулахаар болсныг Германы Роберт Кохын нэрэмжит хүрээлэн мэдээлжээ.


Энэхүү шийдвэр даваа гаргаас хэрэгжиж эхлэх бөгөөд Уайт арал, Нормандын арлууд зэрэг Их Британийн нутаг дэвсгэрүүдэд ч мөн хамааралтай байна. Ингэснээр Их Британи Германы эрх баригчдын тодорхойлсон хамгийн өндөр эрсдэлтэй бүс нутгийн ангилалд орно.


Энэхүү ангилалд орсон орнуудаас Германд ирэх иргэдийн хувьд "COVID-19"-ийн вакцинд хамрагдсан, коронавирусээр халдварлаад эдгэрсэн, шинжилгээний хариугаа сөрөг гарсан эсэхээсээ үл хамааран хоёр долоо хоног тусгаарлагдах шаардлагатай байна.


Их Британид сүүлийн үед “омикрон” хувилбар хурдацтай тархах болоод буй юм. Тухайлбал, тус улсад баасан гарагт цар тахал дэгдсэнээс хойших хамгийн олон буюу 93 мянга гаруй тохиолдол, бямба гарагт 90 мянга гаруй тохиолдол тус тус бүртгэгдсэн юм. 

Холбоотой мэдээ