АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Монголын түүхэнд хамгийн олон сайн дурынхан ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-16 17:09:20

Улаанбаатар хотноо болж буй АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахад 1100 гаруй Сайн дурынхан дэмжлэг үзүүлж ажиллав.

АСЕМ-ын сайн дурынхан нь улсын болон хувийн хэвшлийн 22 их дээд сургууль, гадаадын их дээд сургуулиудад суралцагчид болон залуу мэргэжилтнүүдийн төлөөллүүдээс бүрдсэн ба ур чадвар, хүсэл эрмэлзэл, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, шат шатны сургалт, мэргэшүүлэх дадлагад хамарсан залуус нийт 11 ажлын хэсэгт хуваарилагдан, өнгөрсөн 3 дугаар сараас хойш АСЕМ-ын дагалдах хурлуудад олон төрлийн үйл ажиллагаа, бэлтгэл зохион байгуулалтад туслан ажиллав.

Монгол Улсад зохион байгуулсан хамгийн том олон улсын хэмжээний үйл ажиллагаанд англи хэлтэй 545, орос хэлтэй 113, хятад хэлтэй 36, герман хэлтэй 26, Солонгос хэлтэй 64, Япон хэлтэй 52, турк хэлтэй 17, бусад хэлээр буюу франц, унгар, польш, итали, испани хэлний мэдлэгтэй 11 сайн дурын хүн (давхардсан тоогоор) ажилласан болохыг Гадаад хэргийн яамны дэргэдэх АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны мэргэжилтэн Д.Энхтуяа мэдээлэв.

Тухайлбал, зөвхөн АСЕМ-ын Хэвлэлийн төвд л гэхэд 120 гаруй сайн дурынхан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчдэд туслалцаа үзүүлж ажиллаж байгаа бол Чингисийн Хүрээ цогцолборт 100 гаруй Сайн дурынхан Бэсрэг Наадмыг амжилттай зохион байгуулахад, дээд хэмжээний уулзалт болон дагалдах хурлуудын үеэр 38 түнш зочид буудалд 402 сайн дурын ажилтан туслалцаа үзүүлж ажиллажээ.

Үүнээс гадна гадаадын төлөөлөгчдийг дагалдан туслах үүрэг гүйцэтгэсэн 160 хүн, яаралтай ажиллагааны үед нөөцөнд 50 сайн дурынхан ажиллав.

Сайн дурынхан 16-35 насны 50 гаруй төрлийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд, гадаадаас зөвхөн АСЕМ-ын үйл ажиллагаанд оролцох зорилгоор хүрэлцэн ирсэн оюутнууд, янз бүрийн мэргэшилтэй залуусаар багаа бүрдүүлжээ.

АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудын бэлтгэл, зохион байгуулалтад сайн дураар ажиллахаар хүсэлтээ илэрхийлсэн 1500 орчим оюутан залуусыг өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн АСЕМ-ын Бэлтгэл Ажлын Албаны сайн дурынхны ажлын хэсэг бүртгэж, сонгон шалгаруулсан. Үүнээс 1100 гаруй оюутан залуусыг шалгаруулж, 3 шатны сургалт, мэргэшүүлэх дадлагад хамруулж АСЕМ-ын Сайн Дурынхныг амжилттай бүрдүүлсэн. Сайн дурынхныг шуурхай зохион байгуулахын тулд Их эзэн Чингис хааны үеийн цэргийн зохион байгуулалт бүтцийн дагуу “Тавьт”, ”Аравт”-ын багт хуваарилан ахлагчдыг сонгон, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллав.

Хурлуудыг амжилттай зохион байгуулахад сайн дурынхны оруулж байгаа хувь нэмэр өндөр байгааг үнэлэн АСЕМ-ын дараа олон улсын арга хэмжээ зохион байгуулах туршлага чадвартай анхны томоохон сайн дурын баг бий болж байгааг АСЕМ-ын Бэлтгэл Ажлын Алба болон өнгөрсөн хугацаанд АСЕМ-ын дагалдах хурлуудыг зохион байгуулсан Яам, Агентлаг, ТББ-иудыг онцлон тэмдэглэж байна.

Аливаа нийгмийн хөгжлийн салшгүй нэг хэсэг бол олон нийтийн оролцоог хөхиүлэн дэмжих явдал юм. Тэр тусмаа оюутан залуусын оролцоотой сайн дурын үйл ажиллагаа нь залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын үйлсийг түгээн дэлгэрүүлэх төдийгүй тухайн хувь хүнд өөрийгөө нээн хөгжүүлэх боломжийг олгож байдгаара онцлогтой.

Олон улс, дэлхий дахиныг хамарсан үйл ажиллагааг бие даан зохион байгуулах нь Төр засгийн байгууллагын өмнө томхон сорилт болдог бөгөөд амжилттай зохион байгуулахад хичнээн их хөлс хүч, хичээл зүтгэл шаардагддаг болохыг залуус өөрийн биеэр мэдэрсэн нь дамжиггүй.

Монгол Улсын даргалсан энэ удаагийн АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт нь Монголын түүхэнд хамгийн олон сайн дурынхныг оролцуулсан арга хэмжээ болж байгаагаар үл барам, АСЕМ-ын түүхэнд сайн дурынхны хүчийг ашиглан зохион байгуулсан анхны дээд хэмжээний уулзалт боллоо.

АСЕМ-ын хурлуудыг зохион байгуулахаар нэгдсэн сайн дурынхны баг үйл ажиллагаагаа үүгээр зогсоохгүй, цаашид сайн дурынхныг хамарсан арга хэмжээг идэвхжүүлэх зорилт тавьсан хэмээн ажлын хэсгийнхэн бидэнд дуулгав.

Б.Амарсайхан

 

 

Холбоотой мэдээ