АСЕМ-ын уулзалт "мартахын аргагүй" боллоо гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-16 15:16:09

УЛААНБААТАР. /Sputnik/. “Монголын нийслэл Улаанбаатар хотод болсон АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр Франц болон Туркэд болсон эмгэнэлт явдлууд нь энэ удаагийн уулзалтыг мартахын аргагүй болголоо” гэж Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск хэвлэлийнхэнд хэллээ.

Тэрбээр мэдэгдэл хийхдээ “зочдод зориулсан наадмаас гадна сүүлийн хоёр өдөр Франц болон Туркэд болсон олныг цочроосон үйл явдлууд нь энэ удаагийн уулзалтыг мартахааргүй болголоо. Яриа хэлцээ, хамтын ажиллагаа чухал болохыг сүүлд болсон хоёр хэрэг санууллаа” гэв.

Украины нөхцөл байдал, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр болон Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай холбоотойгоор аюулгүй байдлын байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг энэ удаагийн уулзалтаар хөндлөө гэж Туск цохон тэмдэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ “энэ Дээд түвшний уулзалтаас Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар зөвшилцөлд хүрэх эерэг дохио өглөө гэж би найдаж байна. Энэ асуудлаар Хятад улстай зөвшилцөлд хүрэхэд тийм ч амар биш. Гэхдээ яриа хэлцээ үр дүнд хүрэх найдвар бий”  гэсэн юм.

Г.Доржханд

Гэрэл зургийг Б.Чадраабал 

 

Холбоотой мэдээ