Шинзо Абэ Европын холбооны удирдлагуудтай уулзалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-15 23:42:28

Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцож буй Япон улсын төлөөлөгчдийн тэргүүн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр хэд хэдэн хоёр талын уулзалт хийжээ.

Уулзалтаар хөндсөн сэдвүүдийн талаар Японы Гадаад хэргийн яамны Хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга ноён Ясухиса Кавамура өнөөдөр Шангри-Ла дахь АСЕМ-ын Хэвлэлийн төвд товч мэдээлэл хийв. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ХНБГУ-ын Канцлер Ангела Меркель, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Бангладеш улсын Ерөнхий сайд Шейх Хасина болон Европын холбооны удирдлагуудтай уулзалт хийсэн байна.

Хоёр талт уулзалтуудаар олон улсын харилцааны чухал асуудлууд, тэр дундаа Өмнөд Хятадын тэнгисийн асуудал, терроризм, эдийн засгийн байдал зэргийг хэлэлцжээ. Ялангуяа Их Британи Европын холбооноос гарах болсноор Япон болон Европын холбооны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн гэрээний хэрэгжилтэд хэрхэн нөлөөлөх талаар ярилцсан байна. Япон улсын талаас Европын холбоонд гэрээний хэрэгжилтийг хэвийн хадгалах тал дээр Их Британи улстай зарчмын тохиролцоонд хүрэх хэрэгтэй хэмээн зөвлөж байгааг Японы Гадаад хэргийн яамны Хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга ноён Ясухиса Кавамура онцолсон юм. 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ