Б.НЯМАА: Барилгын салбарт 46 жил ажилахдаа олон залуучуудад зөвлөн туслах замаар ур чадвараа өвлүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-16 11:35:16

Увс /МОНЦАМЭ/. Одоогоос 55 жилийн өмнө буюу 1966 онд хуунаар ЗХУ-д анхны Техник мэргэжлийн сургууль төгсөгчдийн нэг, Увс аймгийн шинэ цагийн бүтээн байгуулалтын түүхийг бүтээлцсэн ахмад барилгачин Бадамын Нямаатай цөөн хором ярилцлаа.

-Та барилгын салбартай хэдийнээс холбогдсон бэ?

-Би 1964 онд Улаангом хотын 7 жилийн дунд сургуулийг төгсөөд 1966 онд Зөвлөлт Холбоот улсын Урал голын эрэг дээр орших Магнитогорск хотод Барилгын техник мэргэжлийн сургуульд бетон арматурын мэргэжил эзэмшсэн. Улмаар аймгийн Барилга угсралтын конторт бетон арматурчин, бригадын дарга, мастераар ажилласан. 1979 оны сүүлээр хөдөлмөр зохион байгуулалт, урамшууллын бригадын дарга нарыг бэлтгэх 45 хоногийн түргэвчилсэн курс төгсөөд 1980 онд ажил сайжруулах үүрэг даалгавартай томилогдож байлаа.

-Та барилгын мэргэжил эзэмшээд ирж байсан үеэ дурсахгүй юу?

-ЗХУ-д анхны Техник мэргэжлийн сургуулийг 25-уулаа төгсөөд нутагтаа ирсэн үе бол 1966 оны 6-р сарын 6-ны нарлаг сайхан өдөр юм. Авирын Цэрэн гэдэг жолооч биднийг Улаанбаатар хотоос Улаангомд авч ирэхэд Улааны ганууд Барилга конторын дарга П.Цэдэнбалжир, Ерөнхий инженер Н.Далиль, боловсон хүчин Д.Ринзаан нар 69 машинтай угтаж, айраг цагаа амсуулж байлаа. Бас машины аравчинд улаан уг намируулаад аймгийн төв рүү орох шороон замын 2 талаар барилгын ажилчид ажлын хувцастайгаа жагсаж, биднийг нэн хүндэтгэлтэй  хүлээн авч билээ. 

Ю.Цэдэнбалын талбайн орчимд нэгэн шавар индэрийн хажууд машин ирж зогсоход ажилчид араас ирцгээж, аймгийн гүйцэтгэх захиргаанаас ирсэн дарга нар үг хэлэхдээ “Манай аймгийн барилгад мэргэжлийн барилгачид хэрэгтэй үед та бүхэн төгсөж ирлээ” хэмээн баяр талархалтайгаар ярьж, дараа нь төгсөгчдийг төлөөлж Х.Тахиа бидний мэргэжлийг танилцуулснаар цуглаан өндөрлөсөн юм. Ингэж үндэсний нарийн мэргэжлийн ажиллах хүчин улсын хэмжээнд бэхжсэн түүхтэй.

-Их бүтээн байгуулалтын ажлын эхлэл юу байв?

-Тэр үед Улаангомд баригдсан барилга гэвэл 1961 онд Хятад барилгачидтай манай барилгачид хамтарч барьсан дээд тал нь өрх маягийн цонхтой барилгын 2 давхар контор, 1-р арван жилийн сургууль, 4-р арван жилийн сургууль, 12 айлын 3 орон сууц, Хархираа зочид буудал, 1, 2-р 36 айлын орон сууц баригдаж байсан юм. Гурил тэжээлийн үйлдвэрээс өөр давхар барилга байгаагүй. Энэ цаг мөчөөс хойш Улаангомд бүтээн байгуулалтын ажил өрнөж, олон том барилгууд сүндэрлэж бидний хэдэн нөхдийн хөдөлмөрийн үр дүн гарч эхэлсэн.

-Таны удирдсан бригадын хамт олон жил бүр өндөр амжилт гаргасан гэдэг. Энэ тухай эргэн дурсана уу?

-1980 оны 2 дугаар сарын 2-нд Барилга угсралтын трестийн дарга агсан, Гавьяат барилгачин Д.Батзул намайг контортоо дуудаж бригадын даргаар томилох тушаал гаргасан. Тэрээр “Муу ажилчин гэж байдаггүй юм, муу дарга гэж байдаг юм” гээд ажил сайжруул, намын даалгавар гэж билээ. Энэ үг одоо ч миний санаад хадгалагдаж явдаг. Ер нь манай бригадын хамт олон ажил, тэмцээн, уралдаанд тогтмол хошуучлан тэргүүн байр эзэлж байдаг, чадварлаг хамт олон байлаа. Баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлаар ажил дүгнэхэд дандаа тэргүүн байрт шалгардагаас гадна их нийтэч, нэгдмэл уур амьсгалтай хүмүүс байсан. Тухайлбал цагдан сэргийлэх байгууллагын судалгаагаар гэмт хэргийн зөрчилгүй хамт олон, Номын санд хамгийн олон ном уншдаг хамт олон, тэргүүний арга барилаар ажилладаг хамт олноор тус тус шалгарч байлаа.

1980-1990 оны хооронд 3 удаа аймгийн аварга, 6 удаа байгууллагын аварга хамт олноор, түүнчлэн 1987 онд МҮЭ-ийн 60 жилийн ой угтсан үйлдвэр аж ахуйн газруудын дунд зарласан Бүх ард түмний социалист уралдаанд миний ахласан хамт олон улсад шалгарч байсан бахдам амжилтын эзэд билээ. Тэр үед шагнал гардуулахаар Монголын үйлдвэрчний төв зөвлөлөөс 2 хүн ирж, үүрд хадгалах туг, гэрчилгээ, МҮЭ-ийн 60 жилийн ойн алтан медаль гардуулахад аймгийн Хөгжимт драмын театрт хүмүүс аадар борооны чимээ шиг алга нижигнүүлэн ташиж байсан. Ийм сайхан хамт олноороо бахархахгүй байхын аргагүй биз ээ.

-Таныг ажил хөнгөвчлөх, цаг хэмнэсэн хэрэгсэл үйлдвэрт нэвтрүүлж байсан гэж сонссон?

-Монгол оронд социализмын материал техникийн бааз байгуулж дуусгах үед социалист уралдаанаар жигүүрлэж “Улаан туг залуучууд хоёр ихэр юм, уралдаан ялалт хоёр нөхөр юм” гэсэн лоозонгоор залуучуудыг хөдөлмөрт уриалан дуудаж байв.” Барилгачдын алдар” гэсэн шинэ дуу дуулагдаж байсныг одоо эргэн бодоход сайхан байна. Би 1982 онд бэхжсэн битон эдлэл болох хаалга цонхны ялууг 2 ширхэгээр биш 10 ширхэгээр кранаар өргөж хураахдаа багц дэгээ гэгчийг краны тороосонд тоноглож хөдөлмөр цаг хэмнэх хэрэгсэл санаачлан үйлдвэрт нэвтрүүлсэн. 

Мөн 1983 онд барилгын объектод бетон зуурмаг богино хугацаанд хүргэх зорилгоор бэлдэцийн ковшийг газар нүхэнд суулгасан зэрэг оновчтой санал гаргаж Монголын ШСН-ийн гишүүний үнэмлэх, гэрчилгээ авч байлаа. Энэ бүхэн маань бригадын хөдөлмөрийн бүтээмжид нөлөөсөн гэж боддог.

-Ямар гавьяа шагнал хүртэж байв?

-Барилгын салбарт 46 жил ажилахдаа олон залуучуудад зөвлөн туслах замаар ур чадвараа өвлүүлсэн. Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн “Гавшгайч залуу” мөнгөн медаль, 4, 5 жилийн гавшгайч, Тэргүүний барилгачин цол, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, “Барилгачны гавьяа” одон, Тусгаар тогтнолын одон, Алтангадас одон, Монголын ахмадын холбооны Хүндэт тэмдэг, Эх орны төлөө одон, 2020 онд “Хөгжлийн эзэн” хүндэт одонгоор шагнагдсан.

-Барилгачиддаа хандаж та юу хэлэх вэ?

-Хот суурин оршин тогтноход хүн ардын хэрэгцээ, сайн сайхны төлөө төр засгийн бодлого шийдвэрээр албан байгууллагын байшин барилга баригдаж суурьшил бий болох бөгөөд үүнийг барилгачид гүйцэтгэдэг билээ.  

Барилгыг газрын хөрсөнд гагнаж, өндөрт сүндэрлүүлэхээс эхлээд олны нүдэнд харагдаж, гарт баригдах хүртэл нүсэр их бүтээн байгуулалтыг энэ салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа үе үеийн барилгачин хамт олон бүтээсээр ирсэн. Ингээд барилгачид, инеженер, архитекторчид, хөгжлийн эзэд, уншигчид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Ярилцсанд баярлалаа.


Холбоотой мэдээ