Энэ онд Ховд аймгийн хэмжээнд 429 иргэнд 112.4 га газар өмчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-08 18:26:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2021 оны хэрэгжилтийн талаар мэргэжлийн байгууллагаас тодрууллаа.


Улсын хэмжээнд газрын цахим шилжилтийг эхэлсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас энэ онд 17 суманд газрын харилцааны цахим үйлчилгээ нэвтрүүлжээ.  

Одоогийн байдлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 80 гаруй хувийн биелэлттэй байнаТус төлөвлөгөөний дагуу 4577 өргөдөл, хүсэлт хүлээн авснаас 1334 өргөдлийг Засаг даргын захирамжаар шийдвэрлэж, 3243 шинээр газар хүссэн өргөдөл хүсэлтийг хариу мэдэгдэхээр буцааж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллажээ.

Улмаар энэ онд Ховд аймгийн хэмжээнд 429 иргэнд 112.4 га газар өмчлүүлэв. Үүнд, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу гэр бүлийн хэрэгцээнд шинээр 370 иргэнд 92.78 га, төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 150 иргэнд 322.11 га, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 17 байршилд 11.75 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 126 малчинд 24.66 га газар тус тус эзэмшүүлсэн байна.

Мөн төсөвт байгууллагын хэрэгцээнд болон хадлан, мод, бут, сөөг тарих, ойжуулалт хийх, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар хэд хэдэн байршилд газар олгож, нийтийн эдэлбэрийн газрын ногоон байгууламж, зүлэгжүүлэх, хамгаалах, хогийн цэгийн төлөвлөлт, бэлчээр ашиглалтын төлөвлөлтийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Үүнээс гадна газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийх, газрын даамлын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх ажлын баг энэ онд Ховд аймгийн 17 суманд ажиллаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй дур мэдэн газар ашигласан зөрчлийг арилгах талаар хэд хэдэн ажил зохион байгуулжээ. Тодруулбал, Булган сумын хэмжээнд малын бэлчээр, дэрс түнгэ торлосон, их хэмжээгээр сунгасан, нийтийн эзэмшлийн зам гудамж талбайг хааж буусан 143 зөрчлийг арилгаж, 1492 га газрыг чөлөөлсөн байнаМөн Чандмань, Мөст суманд үүссэн бэлчээр торлосон, зөвшөөрөлгүй хадлангийн газар торлож, ашигласан гэх зөрчлийн дагуу 18 торыг албадан буулгаж, 41.4 га газрыг чөлөөлсөн аж. 

Түүнчлэн Жаргалант сумын хэмжээнд зохих зөвшөөрөлгүй дур мэдэн хашаа, обьект барьсан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хашаагаа илүү татсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг чөлөөлөх тухай сумын Засаг даргын А/272 тоот захирамжаар Буянт,  Цамбагарав, Баатархайрхан багт найман байршилд 1.8 га газрыг албадан чөлөөллөө. Мөн аймгийн төвийн төвлөрсөн шугам сүлжээ бүхий газарт дур мэдэн газар ашигласан дөрвөн зөрчлийг энэ онд арилгаж, 0.3 га газрыг чөлөөлж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч, ажиллажээ.

Үүний зэрэгцээ Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу суурьшлын бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа дахин төлөвлөлтөд оруулж, 16 иргэний 1.3 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн байна. 

Холбоотой мэдээ