БНАСАУ-д эмч нараа сургах хүсэлтээ илэрхийллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-12-08 11:42:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/. БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо холбогдох албаны төлөөллийн хамт даваа гарагт Дархан-Уул аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Түвшинбаттай албан уулзалт хийлээ.  

Уулзалтын эхэнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат хэлсэн үгэндээ “Монгол, Солонгосын уламжлалт, найрсаг харилцаа он цагийн шалгуурыг туулан 73 жилийн туршид тогтвортой урагшлан хөгжиж ирлээ. Манай хоёр улс бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс бөгөөд Монгол, Солонгосын харилцааг хөгжүүлэхэд чин сэтгэл, хүч хөдөлмөрөө дайчилж ирсэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд найрамдалт харилцааны шугамаар Дархан-Уул аймагт 2008, 2015, 2017 онд зочлон, энэ үеэр байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд барилгын салбар болон эрүүл мэндийн тэр тусмаа дорнын уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэжилтнүүдийг ирүүлж ажиллуулж байсан.

2017 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортлох талаар тодорхой саналууд хэлэлцэж байсан ч дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлаас шалтгаалан хойшлуулсан. Цаашид нөхцөл байдал сайжирч гадаад харилцааны хязгаарлалтууд зохих түвшинд хүртэл буурвал 3 талт уулзалтыг зохион байгуулах боломжтой болно гэдэгт найдаж байна. Манай аймгийн хувьд цаашид БНАСАУ уламжлалт анагаах ухааны чиглэл тэр дундаа сэргээн засах чиглэлээр эмч нараа сургах, чадавхжуулах хүсэлтэй байна” гэсэн юм.

Элчин сайд О Сын Хо аймгийн удирдлагаас тавьж буй саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлэхийн ялдамд цар тахал хумигдаж цаг сайхан болоход БНАСАУ-д аймгийн удирдлагуудыг албан айлчлал хийхийг уриад Монголын ард түмний халуун дулаан найрсаг, сайхан сэтгэлд үргэлж талархаж явдгаа дахин илэрхийлэв. Элчин сайд О Сын Хо айлчлалынхаа үеэр Ким Чен Уны нэрэмжит 21 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан, тоног төхөөрөмж бэлэглэжээ.

Холбоотой мэдээ