Маргааш “Өдөр бүр уншъя” уриан дор “Номын баяр” болно

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-12-07 15:53:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Өдөр бүр уншъя” уриатай “Номын баяр” маргааш Өвөрхангай аймгийн Хүүхдийн номын ордонд болно.

Монгол Улсын Соёлын яам, "Номын Соёлт Ертөнц" ТББ, аймгийн Төв номын сан хамтран зохион байгуулах тус үйл ажиллагаагаар зохиолч, уншигчдын уулзалт хийх, тэргүүний уншигчдад шагнал гардуулах, зохиогчийн гарын үсэгтэй номын худалдаа, номын үзэсгэлэн гаргана.

Мөн Соёлын яамны ном хариуцсан мэргэжилтэн, хүүхдийн зохиолч О.Сундуй “Төрөөс баримтлах номын бодлого”, хүүхдийн зохиолч П.Наранбаатар “Хүүхдийн зохиолын шинэ эрин”, зохиолч Ц.Энхтүвшин “Би хүүхдийн зохиолч”, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа “Телевизийн эфир түүнд өөрийгөө бэлтгэх нь”, зохиолч Б.Сарантуяа “Шинэ зууны уран зохиол ба уншигчид”, ном зүйч Б.Сувд “Номын баяр буюу тэмдэглэлт өдрийн тухай хууль” сэдвээр уулзалт ярилцлага хийх юм.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тусгасан “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд” зорилтыг хэрэгжүүлэх, өдөр бүр ном уншихын чухлыг ойлгуулах зорилгоор “Номын баяр”-ыг нийслэл, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж буй бөгөөд энэ жилийн хувьд Өвөрхангай тав дахь аймаг нь болж байна. 

Холбоотой мэдээ