Д.Амарбаясгалан: Намын их хурлаар Шинэ даргаа сонгож батламжилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-06 16:31:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын намын 30 дугаар Их хурал "Улаанбаатар палас"-ын танхимд үргэлжилж байна. Хурлын талаар тус намын удирдлагууд мэдээлэл өгөв. 


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хурлын талаарх товч мэдээллийг хүргэв. Тэрбээр, Намын их хурлаар үндсэн илтгэлүүдийг сонсож, өмнөх хурлаас хойших Бага хурал, Удирдах зөвлөлийн тайлантай танилцсаныг тодотгов. Үдээс хойших хуралдаанаар, илтгэл, тайлантай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, хариулт авна гэдгийг товч дурдав. Харин орой намын шинэ даргыг сонгож батлах юм байна. 


Мөн маргааш намын дүрэмд оруулах өөрчлөлт, мөрийн хөтөлбөрөө шинэчлэх асуудлыг хэлэлцэхээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдаанд цахимаар оролцож "Монголын парламентыг төгөлдөршүүлэх нь" илтгэл тавина. Харин хуралдааны төгсгөлд, намын бага хурал, хяналтын хороог сонгож байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэдгийг мэдээллээ. 


Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, "Энэ удаагийн хурлаар намын дотоод асуудлыг ярихаас илүүтэй улс орон, нийгмийн тулгамдсан асуудал, тэр дундаа улс төрийн намын шинэчлэл, өөрчлөлт, хөгжил дэвшилд тулгамдаж буй бодлогын асуудлыг гаргаж тавьж байгаа. Цаашдаа эндээс гарсан санал, санаачилгыг намын үйл ажиллагаанд нэвтрүүлэх эрхэм зорилго болгон дэвшүүлнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэлдээ Шинэ сэргэлтийн 6 бодлого танилцуулсан. Тодруулбал, Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэрийн сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан чиглэлээр илтгэлээ танилцууллаа. Үүний үндсэн зорилго нь, цар тахал дэлхий нийтийн хамарсан энэ үед Монгол Улсын хувьд, цаашид ирж болзошгүй хүндрэл бэрхшээлийг даван туулах. Эдийн засгийн бодитой олон хүндрэл бий болж байна. Цар тахал эдийн засгийн хүндрэл бий болгох сул талуудыг харуулж байгаа юм. Тэдгээрийг судалж, шинжлэх нөхцөл бүрдсэн учраас дээрх илтгэл илүү дөхөм хааргдаж байна." хэмээв. 


Мөн тэрээр МАН илүү дэвшилттэй, нээлттэй цахим нам болох том бодлого хэрэгжүүлж эхэлснийг тодотгоод, бусад улс төрийн намуудад үүрэг, хариуцлагаа сайжруулж, мэргэжлийн институц болж ажиллахад анхаарахыг уриаллаа. Мөн МАН улс төрийн өндөр албан тушаалд байгаа гишүүдийнхээ ёс зүйн байдалд анхаарч ажиллахаа зарлаж буйг онцлов.

Холбоотой мэдээ