Ц.Цэрэндорж: Социализмын үед Монголын түүхийг тэр чигээр нь гуйвуулсан юм биш

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2021-12-06 17:42:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинжлэх ухааны анхны байгууллага Судар бичгийн хүрээлэнгийн 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндоржтой ярилцлаа.


-Шинжлэх ухааны салбарын нэгэн зууны хугацаанд танай хүрээлэнгийн гүйцэтгэсэн үүрэг, ололт амжилтыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Монгол Улсын орчин цагийн шинжлэх ухааны салбарыг 100 жилийн түүхтэй гэж үздэг. Энэхүү түүх бол манай хүрээлэнтэй салшгүй холбоотой. Судар бичгийн хүрээлэнгийн анхны зорилго нь түүх, монгол хэлийг судлах, Монголын түүхээ судалж зохиох бодлогоос үүдэлтэй.

Өнгөрсөн зуунд шинжлэх ухаан, тэр дундаа түүх, угсаатны зүйн шинжлэх ухаан нэлээд өндөр түвшинд хүрч хөгжсөн гэж хэлж болно. Хөгжлийн түүхийг үечлэхэд 1961-1990-ээд он буюу социализмын үеийн түүхийн шинжлэх ухааны хөгжил томоохон амжилтад хүрсэн. Учир нь 1960-аад оны сүүлчээр Монголын төрийн, албан ёсны түүх “БНМАУ-ын түүх” нэртэй гурван ботиор хэвлэгдэн гарсан. Энэ бол манай эрдэмтдийн өөрсдийн зохиож гаргасан нэн эртнээс тухайн үе хүртэлх Монголын албан ёсны бүрэн түүхийн зохиол юм. Үүнээс хойш гарсан бусад түүхийн зохиолууд эдгээр ботид үндэслэдэг.

Мөн 1990 оноос өдийг хүртэлх үе өвөрмөц онцлогтой. Гэхдээ 1990 оноос өмнө социалист үзэл суртлын нөлөөгөөр түүхийн зарим нэг асуудлыг үнэн зөвөөр тэр бүр хөндөж чаддаггүй байсан бол 1990 оноос хойш, бүдгэрүүлж, зохих хэмжээгээр гуйвуулж байсан түүхэн асуудлуудыг чөлөөтэй судлах боломж нээгдсэн нэгэн өвөрмөц үе гэж хэлж болно. Түүнчлэн 2003 онд “Монгол Улсын түүх” таван боть зохиол гарсан. Энэ бол өмнө гарсан гурван ботид үндэслэн улам дэлгэрүүлсэн манай шинжлэх ухааны томоохон ололт юм.


-Судар бичгийн хүрээлэнгийн анхны зорилго нь түүх, монгол хэлийг судлах байсан гэж та дээр хэллээ. Ер нь түүхийн хүрээлэнгийн үүсэл хэрхэн тавигдаж байсан бол?

-Судар бичгийн хүрээлэн 1921 онд байгуулагдахад түүний зорилт, судалгааны чиглэлийн нэг нь эх түүхээ судлах, түүх зохиоход шаардлагатай баримт материал, сурвалж, хэрэглэгдэхүүн, археологийн олдвор зэргийг цуглуулах явдал байсан. Үүнээс манай хүрээлэнгийн үүсэл тавигдсан.

Судар бичгийн хүрээлэнгийн “судар” гэдэг нь түүх гэсэн үг юм. Түүх болон хэл бичиг судлал нь тус хүрээлэнгийн анхны салбарууд юм. Дараа нь байгалийн шинжлэх ухааны болон бусад салбар нэмэгдсэн.

1924 онд Судар бичгийн хүрээлэнд түүхийн кабинет гэж түүх судлах тусгай нэгж байгуулагдсан. Судар бичгийн хүрээлэн 1930 онд Шинжлэх ухааны хүрээлэн болж өргөжсөн. Хамгийн сонирхолтой нь, 1935 онд их зохиолч Д.Нацагдорж Түүхийн тасгийн эрхлэгчээр анх томилогдон ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, Д.Нацагдорж зохиолчоос гадна түүхч хүн байв. Харамсалтай нь 1937 онд нас барсан. Дараа нь Б.Буянчуулган гэдэг түүхч эрхлэгчээр ажиллаж байгаад төдий л удалгүй улс төрийн хэлмэгдүүлэлтийн улмаас баривчлагдан цаазлагдсан. Манай түүхийн салбарыг Монгол Улсын түүхтэй адил улс орны бэрхшээл, хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дайраад өнгөрсөн байдаг. Манай маш олон түүхч, эрдэмтэн хэлмэгдэж, шоронд хоригдож, ял шийтгэл хүлээж байсан.

1957 онд  Шинжлэх ухааны хүрээлэнг Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн гэж Монгол Улсын Их сургуультай нэгтгэн өөрчлөлт хийхэд Түүх, эдийн засаг судлах газар гэж байгуулагдсан. Тэгээд 1961  онд Шинжлэх Ухааны Академи болж өргөжихөд тус академийн анхны таван хүрээлэнгийн нэг нь Түүхийн хүрээлэн байсан юм.


үүхч эрдэмтэд хэлмэгдэж байсан тэр үед түүх бичлэгт боловсон хүчний асуудал тулгарч байв уу. Ер нь монголчууд түүхээ өөрсдөө бичихийн ач тус юу вэ?

-Манай хүрээлэн 100 жилийн түүхэндээ нийгэмд нэлээд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Өмнө нь орчин үеийн шинжлэх ухааны үүднээс Монголын түүхийг судалж гаргаж ирж чадаагүй. 1950-иад онд Зөвлөлтийн түүхчид Монголын түүхийг бичиж, түүнийг нь монголоор орчуулж гаргаж байсан. Үндэсний боловсон хүчнийг Зөвлөлт болон Монгол Улсад бэлтгэснээр 1960 оны сүүлчээс Монголын түүхчид өөрсдийн түүхийг бие даан бичиж гаргасан нь манай салбарын гол ололт юм. Энэ нь цаашлаад Монгол Улсын иргэд эх түүхээ мэдэх бололцоог олгож байгаа юм. Түүхээ сайн мэдэх нь тусгаар тогтнолтой холбоотой. Ийнхүү Монголын түүхчид түүхээ судлан тодруулж, албан ёсны түүхийн бүрэн зохиолуудыг бичиж гаргасан нь монгол хүний эх түүхээ таних, түүгээр дамжуулан Монгол гэдэг эртнээс тусгаар тогтносон улс гэдэг ойлголтыг олж авахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр дотроо Монголын түүхийн судалгааны гол ачааны хүндийг манай хүрээлэн үүрч ирсэн. Одоо ч үүрч байна.

2003 оноос хойш албан ёсны түүх гараагүй байгаа учир цаашид Монголын түүхийг шинэчлэн, нэг буюу олон ботиор туурвих шаардлагатай байна. Мөн Монголын түүхийн томоохон сурвалжуудыг кирилл бичгээр хөрвүүлэх, түүндээ тулгуурласан, хаанаас ч орж үзэж болох сурвалжийн цахим датабааз бүрдүүлэхээр төлөвлөж байна.


-Шинжлэх ухааны салбартаа илүү их хөрөнгө оруулсан улс орнууд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байна. Манай улсын хувьд шинжлэх ухаанд зарцуулж буй дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ дөнгөж 0.1 хувь байна гэсэн тооцоо гарсан байна билээ. Энэ үзүүлэлтийг ойрын ирээдүйд ахиулах боломж байгаа юу?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухааны салбараа хамгийн сайн хөгжүүлж, бүх бодлого шийдвэр нь шинжлэх ухаандаа тулгуурлаж хөгжсөн нь харагддаг. Тиймээс улс орон хөгжье гэвэл, шинжлэх ухааны салбартаа маш их хөрөнгө мөнгө, хүн хүч зарцуулах шаардлагатай байдаг. Харамсалтай нь, Монгол Улсын хувьд тийм байж чадахгүй байна.


Социализмын үед шинжлэх ухааны салбарыг чадлын хэрээр дэмждэг байсан. Тухайлбал, 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдахад улсын төсвийн 1.8  хувийг зарцуулж байсан. Гэтэл одоо манай зарцуулж буй зардал ДНБ-ий 0.1 хувьтай тэнцүү буюу дэлхийн дундаж болох 2 хувиас 20 дахин бага хөрөнгө зарцуулж байна.


Түүнээс шалтгаалан сүүлийн 30 жилд шинжлэх ухааны нийгэмд эзлэх байр суурь социализмын үеийнхтэй харьцуулахад нэлээн доошилсон. Үүнийг дагаад эрдэмтэн судлаачийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд мөн доошилсон. Цалин хөлс муудсан, орчин нөхцөл сайн биш гэхчлэн дурдаж болно. Тухайлбал, 1927 онд Судар бичгийн хүрээлэнгийн дарга болон гишүүний сарын цалин 160, 290 төгрөг байсан. Тухайн үед эр хонь найман төгрөгийн ханштай байсан. Үүнийг одоогийн ханштай харьцуулсан судалгааг манай судлаачид гаргахад нэгийнх нь цалин 4 сая, нөгөөгийнх нь 7 сая 200 мянган төгрөгтэй дүйцэж буй юм. Эндээс тухайн үед Монгол Улс дэлхийн жишигтэй адил шинжлэх ухааны салбарыг дэмжиж байсан нь харагдаж байна. 1930-аад он хүртэл улсын төсвийн 1 орчим хувийг шинжлэх ухаанд зарцуулж байсан. 1980 он буюу оргил үедээ ДНБ-ий 1.8  хувьтай байж байгаад 1990 оноос доош унасаар 0.1 хувьд тогтсон. Тэгэхээр шинжлэх ухаандаа бага зардал гаргаад судлаачдаас өндөр үр ашиг, дүн дүн шаардах нь зөрчилдөж байгаа юм.

Шинжлэх ухааны салбартаа хамгийн их хөрөнгө зарцуулж байгаа БНСУ, Израил зэрэг улс гэхэд ДНБ-ний 5-6 хувьд хүрдэг. Гэтэл манай улс түүнээс 60-70 дахин бага байгаа.


-Ер нь, Монголын түүхийн аль үеийн судалгаа хамгийн сайн хийгдсэн байдаг вэ. Түүнчлэн дэлхийн түүхийн судалгаанд танай хүрээлэнгийн ямар судалгаа тэргүүлэх байр суурьтай гэж онцолж болох вэ?

-Монголын түүхийн онцлог нь XIII-XIV зууны үеийн Монголын хүрээнээс хальж бүс нутгийн, дэлхийн түүх болж хувирдаг. Түүнийг дагаад тухайн үеийн түүхийг дэлхийн маш олон орон бидэнтэй зэрэгцэн судалдаг. Монголын түүхчдийн бүтээсэн бүтээлийг гадаадын эрдэмтэн судлаачид үнэлдэг, ашигладаг.  Гэхдээ түүхийн бүх үеэр судалгаа жигд сайн байж, дэлхийд тэргүүлэх боломж одоогоор байхгүй. Тиймээс ямар чиглэлийг барьж авбал бид тэргүүлэх боломжтой вэ гэдгийг анхааран энэ жил тэргүүлэх чиглэлээ боловсруулж гаргаж байна. Түүнд хүн хүч, анхаарлаа хандуулж богино хугацаанд дэлхийн түүхийн судалгаанд Монголын түүхчдийн судалгаа тэргүүлэх байр сууриа олж авах боломжтой.


Жишээлбэл, манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхээр монголчууд тэргүүлж болно. Гадаадад энэ үеийн судлал харьцангуй түвшин буурсан, том том эрдэмтэд тэтгэвэрт гарсан, тэднийг орлох залуу судлаачид цөөн. Тэр ч бүү хэл зарим оронд орон тоог нь үгүй болгож байна. Гэтэл манай улсын залуу, идэр үеийн түүхчид түлхүү гарч ирж байгаа.

Хоёрдугаарт, XX зууны орчин үеийн түүхээр манай улс тэргүүлэх бүрэн боломжтой. Материал, сурвалж, архивын баримт нь Монгол Улсад байдаг учир бид үүнийгээ ашиглан судалгаанд тэргүүлж болно. Зарим нэг чиглэл, тухайлбал эртний түүхийн судалгаагаар дэлхийн түвшинд мөр зэрэгцэн гарч ирэхэд бэрхшээл бий. Учир нь түүх эртнийх болох тусам баримт материал багатай болдог. Ихэвчлэн хятад, перс гэхчлэн харь хэлээр бичсэн байдаг учраас түүхчээс илүү авьяас чадвар, мэдлэг шаарддаг. Тиймээс бид маш сайн мэргэжилтэн бэлтгэхийн тулд хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө их зардаг. Тэгэхээр цөөн хүн тэр чиглэлд судалгаа хийдэг учраас тэргүүлнэ гэхэд одоогийн байдлаар бэрх байна.



-Бидэнд бусдаас ялгарах, Монголын өнгө төрхийг харуулж чадах зүйл бол түүх соёл маань юм. Эх түүх, өв соёл, монгол судлалын чиглэлийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд ямар ажил хийх хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-1990-ээд он гарч ардчилал зах зээлд шилжих үед шинжлэх ухааны салбар орхигдсон. Гэхдээ 2000 он гарснаас хойш улс орон, төр засгаас шинжлэх ухааны салбарыг дэмждэг болсон. Ер нь монгол судлал, түүх судлалын судалгааг хөгжүүлэхэд урт удаан хугацааны цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Хамгийн түрүүнд судалгааны бааз суурийг бэхжүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх тал дээр гол анхаарлаа хандуулж, сууриа зөв босгохгүй бол зөвхөн хүний хүчээр бүх зүйлийг хийх боломжгүй боллоо.

Манайх бас соёлын өв, археологийн судалгаа хийдэг. Гэтэл тэнд сэргээн засварладаг багаж, лабораторийн сайн тоног төхөөрөмжгүй байх жишээтэй. Бид нарийн  шинжилгээгээ голдуу хамтран ажилладаг гадаадын байгууллагууддаа явуулж, лабораторидоо хийж өгөөч гэж гуйдаг. Тиймээс нэн түрүүнд лаборатори, тоног төхөөрөмжөө сайжруулах шаардлагатай байна.

Хоёрдугаарт, эрдэмтэн судлаачдын цалин хөлсийг нэмэх хэрэгтэй. Энэ салбарт толгой сайтай, чадалтай улсууд орж ирэх нь багасаж байна. Одоогийн судалгааг үнэндээ судалгааны ажилд дур сонирхолтой, судалгаа хийх чинхүү хүсэлтэй, цалин мөнгийг хоёрт тавьдаг улсууд авч явж байна.

Гуравдугаарт, эрдэмтэн судлаачдын нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг өсгөх хэрэгтэй байна. Тэгж гэмээнэ энэ салбарт чадалтай залуус олноор орж ирнэ. Жишээлбэл, социализмын үед эрдэмтэн судлаачид орлогч сайдын цалин авдаг байсан. Их, дээд сургуулийг төгсөхдөө эхний хоёр байрт жагссан оюутан ШУА-д эрдэмтэн болж, түүний дараачийн төгсөгчид сургуульдаа багшаар үлддэг байлаа. Тухайн үед ШУА-д ажилладаг гэхэд хүмүүс бахдан биширдэг байсан. Тиймээс олон чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч, сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол амь тариа гэдэг шиг гал унтраах байдлаар ажиллавал мөд засал авахгүй. Үр дүн бас хурдан гарахгүй.  Бодлоготой, шат дараалсан арга хэмжээ авснаар 5-10 жилийн дараа үр дүн харагдаж эхэлнэ.


-Түүхийн хувьд ямар судалгаа үгүйлэгдэж, хоцрогдож байна гэж та үзэж байна, яагаад?

-Манай хүрээлэн Монголын нутагт хүн үүссэнээс одоог хүртэлх үеийн түүхийг бүхэлд нь, мөн угсаатны зүй, нүүдлийн соёл иргэншлийн судалгаа хийдэг. Гэхдээ Монголын аугаа түүхтэй харьцуулахад, хүн хүч багатай учир орхигддог чиглэл салбар бий. Ер нь зөвхөн XIII-XIV зууны Монголын эзэнт гүрний түүхийг зохих ёсоор нь судалъя гэвэл, эзэнт гүрний түүх судалдаг тусгай хүрээлэн байх ёстой юм. Цаашид орхигдсон мөртлөө зайлшгүй судлах шаардлагатай чиглэлүүдийг хэлэлцүүлэг өрнүүлэн тогтоох ёстой. Манайхны нэг онцлог нь багш өөртөө ойр, мэддэг сэдвээр шавийнхаа судалгааны ажлыг удирддаг. Уг нь бага судлагдсан сэдэв рүү оруулах ёстой. Гэтэл бүх зүйлийг шинээр эхлэх нь бэрхшээлтэй байдагтай холбоотой ч юм уу, урьд нь харьцангуй судлагдсан арай амар хялбар судалгааны сэдэв рүү орж буй тал ажиглагддаг.

Миний бодлоор, мэргэжлийн судлаач цөөн, судлах зүйл их байгаа тохиолдолд магистрант, докторантын судалгааны сэдвийг Монголын түүхийн онц шаардлагатай сэдэвтэй уялдуулан зохицуулах нь чухал. Улс орны хэмжээний ийм ажил, магистр, докторын судалгааны сэдвийг гаргах, судалгааны чиглэлийг аль болох давхардуулахгүй байх асуудлыг хүрээлэн гэлтгүй их, дээд сургуулиудтай нийлж нэгдсэн тохиролцоонд хүрэх юм бол хэдийгээр хүн хүч цөөхөн ч гэсэн Монголын түүхийг сайн судлах боломж үүснэ. Тухайлбал, Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүх гэхэд судлах зүйл маш ихтэй. Тухайн үеийн аж ахуй, ард түмний амьдрал, эдийн засаг гээд 200 орчим жилийн түүх судлах эзнээ хүлээж байна. Архивын материал нь манайд хангалттай бий. Сонирхолтой сэдэв рүү хошуурч ороод байвал зарим сэдэв орхигдоход хүрнэ.


-Эрдэмтдийн судалгааны үр дүнг ашиглах, дэмжиж туслах талаар төр засгийн бодлого хэр өгөөжтэй байна гэж та үзэж байна. Шинжлэх ухааны салбарт хийсэн судалгаа шинжилгээний үр дүнг олон нийтэд сурталчлах, олны хэрэглээ болгоход хэрхэн анхаарах шаардлагатай вэ?

-Ер нь шинжлэх ухааны зорилго улс орон, ард түмэнд ашиг тустай байхад чиглэдэг. Ард түмэнд ашиг тус, үр өгөөжөө өгөхөд хангалтгүй тал бий боловч, шинжлэх ухааны салбарууд харилцан адилгүй байдалтай байна. Байгалийн болон нийгмийн, хүмүүнлэгийн шинжлэх ухаан өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, манай хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбар бол хүмүүсийн шаардаад байдаг шиг шууд мөнгө олох, бүтээгдэхүүн болгох гэхчлэн байгалийн ухааны салбараас өөр. Бидний гол үүрэг хүнийг хүн болгох, монгол хүнийг хүмүүжүүлэх юм. Олон нийтийн түүхийн мэдлэг тааруу байгаа нь ажиглагддаг. Телевизийн нэвтрүүлгээр өнөөдөр ямар баяр болоод амарч байгааг асуухад хариулах хүн ховор байна. Энэ бол нийт иргэдийн эх түүхийн мэдлэг тааруу байгааг харуулж байна. Зарим хүмүүс үүнийгээ социализмын үед худлаа түүх зааж байсан учир түүхийн хичээлийг сонирхдоггүй байсан гэдгээр хаацайлах нь бий.

Тэгэхээр заах арга талаасаа хэрхэн сонирхолтой заах, хүүхдэд ойлгуулах гээд асуудал бий.


Монголын түүхийн агуулга их, хичээлийн цаг хязгаарлагдмал байдаг. Богино цагт багтаан их агуулгыг хүний тархинд суулгана гэдэг төвөгтэй асуудал. Гадаадын өндөр хөгжилтэй оронд түүхийн заах аргын шинжлэх ухаан маш өндөр хөгжилд хүрсэн. Түүхийн боловсрол судлал гэдэг тусгай салбар гарч ирсэн. Гэтэл манайд тийм чиглэл бараг орж ирээгүй байна.


Хүүхдэд багаас нь түүхийг ойлгох суурийг тавьж өгөхгүй бол нэгэнт насанд хүрсний дараа тайлбарлахад учир дутагдалтай.

Манай хүрээлэнгийн хувьд олон нийтэд түүхийн мэдлэгийг түгээх талд сүүлийн үед анхаарч ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч бид суурь судалгаа хийх үндсэн үүрэгтэй. Судалгааныхаа хажуугаар өөр ажилд орохоор цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардана. Харин гадаад улс орнуудад судлаачид нь судалгаагаа хийж, түүнийг нь түгээдэг бүлгүүд ажилладаг. Манайд тийм хүмүүс байхгүй. Тэгэхээр түүхчид судалгаагаа хялбаршуулсан байдлаар хүнд хүргэх талаар бас ч гэж зүгээр суулгүй, хичээн ажиллаж байна. Ярилцлага хийх, видео аудио подкаст хийх, интернэт сайтад цахим толь хэлбэрэээр байршуулах ажлыг манай хүрээлэн хийж байна. Гэхдээ ийм ажлыг хийхэд хүн хүч, хөрөнгө мөнгө дутагдалтай хэвээр байна.


-Социализмын үед түүхийг үзэл суртлын нөлөөгөөр гуйвуулсан, өөрчилсөн гэдэг. Үүнийг засаж залруулах ажлыг манай түүхчид хэрхэн хийж байна вэ?

-1990 он гарснаас хойш гуйвуулсан, ил тод ярьдаггүй, дарагдуулж байсан хэсгийг залруулах ажлыг хийж эхэлсэн.


Нэг зүйлийг цохон тэмдэглэхэд, социализмын үед Монголын түүхийг тэр чигээр нь гуйвуулсан юм биш. Ардын хувьсгалын түүх, Чингис хааны үеийн түүх гэх зэрэг хэсэг зурвас үе, тодорхой сэдвүүдийг л бүрхэгдүүлэх буюу зарим талаар гуйвуулж байсан. Манай хүрээлэн 1990 он гараад л тэдгээрийг засаж залруулах ажил хийсэн.

Үүний хамгийн эхний үр дүнд 1995 онд “XX зууны Монголын түүх” гээд жижгэвтэр мөртлөө чансаатай зохиол гарсан. Өөрөөр хэлбэл, XX зууны түүхийг бүрхэгдүүлж, орхигдуулдаг, зохих хэмжээгээр гуйвуулдаг байсан хэсгийг манайхан засаж залруулсан. Энэ бүх ажлын нэгдсэн үр дүн болгож 2003 онд “Монгол Улсын түүх” таван боть зохиолыг манай хүрээлэнгээс удирдан зохион байгуулж туурвисан. Үүнд, хуучны уламжлалт ойлголтыг өөрчлөн үнэн зөв түүхийг бичихийг оролдсон. Харамсалтай нь зарим хүмүүс, ялангуяа настай хүмүүсийн дунд хуучны түүхээ уншаад, нэгэнт буруу ойлголт суучихсан, сүүлийн үеийн судалгааны зохиолыг олж үздэггүй, үл ойшоох хандлага байдаг.

Сүүлийн 30 жилд түүхчид үнэн зөв түүх бичих чиглэлд хүч, хөдөлмөрөө зориулаад байдаг. Гэтэл хуучин түүх түүхийн ойлголттой хэвээр байна гэхээр түүхийн шинэ судалгааг олон нийтэд хүргэх ажил дутагдалтай байгааг харуулж байна.


Улс орон бүрийн түүхийн судалгаа өөрийн онцлогтой. Монголын түүх бол түүхийн сурвалж материал дутмаг, хоосон орон зай ихтэй, урагшлах тусам мэдээ баримтгүй хэсэг маш их байдаг.

Тиймээс бид байгаа материалдаа түшиглэн таамаглал дэвшүүлдэг. Материал дутмаг учраас таамаглал олон янзаар гарч болно. Гэтэл үүнийгээ минийх зөв, чинийх буруу гэж шүүмжлэх, өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгах хандлагыг зарим хүмүүс гаргадаг. 


Холбоотой мэдээ