Банкны салбарын шинэчлэл хөрөнгийн зах зээлийг улам өргөжүүлнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-12-02 13:59:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арилжааны банкуудаас анх удаагаа хувьцаа гаргасан 12 дугаар сарын 1-нийг манай улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлийн түүхэн үйл явцын нэг өдөр хэмээн салбарын шинжээч, судлаач, мэргэжилтнүүд хүлээн авч байна. Тодруулбал, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хүрээнд арилжааны банкуудаас анх удаа “Богд банк” хувьцаагаа олон нийтэд гарган нээлттэй хувьцаат компани болж байна. Нэг ёсондоо банкны салбарын шинэчлэл дээрх үйл явцаар эхэлж байна. Үүнийг хөрөнгө оруулагчид урт хугацааны тогтвортой, шинэ хөрөнгө оруулалтын хэлбэр гарч ирж байна хэмээн хүлээн авч байна.



Санхүүгийн зах зээлийн гол хөдөлгөгч хүч банкны салбар олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөг үүний өмнө батлуулсан юм. Банкны салбарын нийт активын хэмжээ өнөөдөр манай улсын ДНБ-ний 97 хувьтай тэнцэж байна. Харин системийн нөлөө бүхий 5 банкны IPO хийх нийт дүн 500-700 тэрбум төгрөгт хүрэх тооцоотой байна. Банкны салбар нээлттэй болсноор санхүүгийн салбар тэгш хөгжих боломж бүрдэнэ хэмээн судлаач мэргэжилтнүүд хэлж байна.

Банкны салбар сууриараа шинэчлэгдэн хөдлөх гэж буй энэ үед хоёрдогч буюу хөрөнгийн зах зээлд олон шинэ бүтээгдэхүүн нэвтэрч, хөрөнгө оруулагч нар нэмэгдсээр байгааг Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцолж байна. Тэрээр үүнд, Хөрөнгө оруулалтын болон Үндэсний хувьчлалын сан, Сэндбокс зохицуулалтын журам, “Мобифинанс ББСБ” болон “ЛэндМН”-ээс гаргасан “МонПэй” зэрэг анхны дижитал бонд, Биржийн бус арилжааны зохицуулалт орж буйг тодотголоо.


Энэ онд хоёрдогч зах зээлийн үнэлгээ түүхэн дээд хэмжээнд хүрч, анхны их наядын үнэлгээтэй компани бий болж, үнэт цаасны арилжаа 22 дахин өссөн нь сүүлийн 30 жилд байгаагүй амжилт болж буйг тэрээр онцоллоо. Эдгээр шинэ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хөрөнгийн зах зээл сууриараа шинэчлэгдэж хөгжлийн шинэ шатанд гарах боломжийг бүрдүүлж байна гэв.



Ирэх онд Засгийн газрын бондын арилжааг дотоодын хөрөнгийн зах зээлд эхлүүлэхээр төсөвт тусгасан. Ойролцоогоор 2.7 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг гаргаснаар дотоодын хөрөнгийн биржийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Мөн төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахаар 34 хүртэлх хувийг олон нийтэд санал болгох гэж байна. Дотоодын бонд, төрийн өмчит компаниудын шинэчлэл, банкуудын өөрчлөлт нь ирэх онд манай улсын хөрөнгө, санхүүгийн салбарт томоохон өөрчлөлтийг авчирахаар хүлээгдэж байна. Түүнчлэн СЗХ-ны мэдэгдэж буйгаар энэ онд хөрөнгийн зах зээлд 3 шинэ бүтээгдэхүүн гараад байна. Үүнд:

  • Төслийн бус хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас,
  • Төгрөг, гадаадын валют хосолсон анхны бонд гарч олон нийтээс хөрөнгө татав,
  • Банкны бүтцийн өөрчлөлтөд оролцох зорилго бүхий хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх мөн олон нийтээс санхүүжилт татаад байна.

 

 

Холбоотой мэдээ