Увс аймгийн ИТХ-ын даргаар Э.Насанбат сонгогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-07-14 21:53:51

  Увс аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит Анхдугаар хуралдаан өнөөдөр болж, 4 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

 Анхдугаар хуралдаан 97,5 хувийн ирцтэй хуралдсан бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Эвэлсүрэнгийн Насанбатыг Увс аймгийн ИТХ-ын даргаар сонгов.

  Э.Насанбат нь 1972 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Увс аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан, мөн хувийн хэвшлийн “Мөнхжим өргөө” компанийн захирлаар ажиллаж байв. Тэрбээр төрийн болон хувийн хэвшлийн ажлын дөртэй, аймгийн МАН-ын хорооны шүлдэг залуу боловсон хүчнүүдийн нэг юм. Шинээр сонгогдсон Увс аймгийн ИТХ-ын даргад өмнөх дарга Ч.Чимэд амжилт хүсч, тамга тэмдгийг нь гардуулан өглөө.

  “Ирэх 4 жилд туйлшрахгүй, намчирхахгүй, аливаа нэгэн бүлэглэлийн нөлөөнд автахгүйгээр ажиллаж чадна” хэмээн шинээр сонгогдсон ИТХ-ын дарга Э.Насанбат хэлэв.

   Увс аймгийн ИТХ-ын 41 суудлын 35-ыг МАН, 4-ийг АН, 1-ийг бие даагч авч, үлдсэн нэг суудал шүүхийн шатанд маргаантай явж байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ