Нэмэлт тунгийн дархлаажуулалт 30 гаруй хувьтай үргэлжилж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-30 17:06:58

Ховд /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин тэргүүтэй ажлын баг Ховд аймагт ажиллаж байна. 

Тус ажлын багийнхан өнөөдөр орон нутгийн удирдлага болон эрүүл мэндийн салбар байгууллагын дарга, эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзсан юм. Энэ үeэр коронавирусний халдварын эсрэг нэмэлт тунд хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэхийг зөвлөлөө.  

Ховд аймгийн хэмжээнд дархлаажуулалтын ажлыг хариуцаж байгаа явуулын болон байнгын 20 гаруй цэг ажиллаж байна.

Энэ сарын 29-ний өдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нийт 19439 болсон. Үүнээс халдвар авсан 19173 хүн эдгэрсэн байна. Мөн 80 гаруй хүн эмнэлэгт хэвтэн, эмчилгээ хийлгэж байгаа бол 190 хүн гэрээр эмчлүүлж буй.   

Ховд аймгийн хэмжээнд вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 88.5 хувь буюу 56258 хүн эхний тун, 83.1 хувь буюу 52827 хүн хоёр дахь тунг хийлгэсэн дүн мэдээтэй байна. 

Харин өнөөдрийн байдлаар гурав дахь тунгийн дархлаажуулалт 34.4 хувьтай үргэлжилж байгаа ба 15 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагджээ. 


Холбоотой мэдээ