Б.Сувд: Номын баяр дагасан үйл ажиллагаанд хүүхэд, залуучууд маш идэвхтэй оролцдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-30 16:55:55

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт номын баярын үйл ажиллагааг зохион байгуулж буй Үндэсний номын баярын санаачлагч, ном зүйч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувдтай ярилцлаа.


-Архангай аймагт номын баярын өдрийг зохион байгуулж байна. Зохиолчидтойгоо хамт ирээд номын баярыг тэмдэглэж буй нь манай аймгийн хувьд анхных болж байна?

-Энэ номын өдрийг 15 жилийн өмнөөс эхлэн зохион байгуулж эхэлсэн. Нийтээр тэмдэглэх буюу олон нийтээр тэмдэглэж заншсан өдрүүдийг хуульчилж, өнгөрсөн 7 дугаар сарын 2-ноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр энэ өдрийг улс орон даяар хуулийнхаа хүрээнд тэмдэглэдэг болж байгаа юм. Энэ жил номын баярыг Улаанбаатар хотод 30 дахь удаагаа зохион байгуулсан. Намраас орон нутагт тойрон ажиллах ажил маань эхэлсэн. Бид нар тав дахь аймагтаа ажиллаж байна. Яагаад орон нутагт номын баярын үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ гэхээр хот хөдөөгийн уншлагын түвшинг нэг түвшинд хүргэх, номын баярын өдрүүд гэсэн хуулийн зорилтыг хэрэгжүүлэх буюу яагаад энэ хууль гарав, мөн өдөр бүр ном уншихын чухлыг ойлгуулах зорилгоор өргөн бүрэлдэхүүнтэйгээр явж байна.

Аймаг орон нутгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар номын баярын өдрүүдийг тэмдэглэдэг. Тэр зарлиг маань уриалга төдий зарлиг учраас хэрэгжих нь бага байдаг. Тэгээд зөвхөн аймгийн хэмжээнд болдог. Энэ удаад аймаг орон нутаг хотоос ирсэн зочидтойгоо нийлж, магадгүй анх удаагаа өргөн хүрээнд зохион байгуулж байна гэж бодож байна. Энэ баяр гадны улс орнуудад байдаг жишиг. Энэ жишгийг эх орондоо “Номын соёлт ертөнц” ТББ нэвтрүүлээд 15 жил болсон байна. Энэ уламжлалыг дэмжиж УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэж баталсан.

Хууль батлах үйл явц гэдэг бол хамгийн чухал, түүхэн үйл явдал. Энэ үйл явдлыг монгол даяараа ялангуяа номтой холбогддог бүх хүмүүс мэдэх нь чухал. Мөн мэдүүлэхийн төлөө ч орон нутгаар тойрон ажиллаж байна. Ирэх жилүүдэд магадгүй Оросын Улаан талбайн номын баяр шиг өргөн болж, бүх зохиолч маань талбай дээр зорин ирж, номын баяртаа оролцдог, эргээд тэндээсээ сурч мэдсэнээ аймаг аймагтаа очиж хэрэгжүүлдэг байгаасай. Эндээс бид гадны номын баярт оролцуулах сор бүтээлүүдээ шүүн тунгаан олж, гадны номын баярт оролцдог болохын төлөө ажиллаж байна.

Номын баярын хамгийн сайхан уриалга юу вэ гэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар “өдөр бүр уншъя” гэж ард иргэдээ уриалж байгаа. Манай улс параламентын засаглалтай. Ард түмнээс сонгогдсон 76 гишүүний ангийн дарга гишүүддээ болон аймгийн төрийн байгууллагуудын удирдлагуудыг, бүх ард иргэдийг өдөр болгон ном уншиж хэвшил болгоё гэдэг үүднээс өдөр бүр уншъя гэж уриалж байгаа. Орон нутагт тойрон ажиллаж буй энэ номын баярыг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж байгаа.

-Хэдэн зохиолч ирсэн бэ?

-Архангайн зохиолчдоос гадна тус аймгийн хүргэн, бэрүүд ирсэн байна. Хотоос нийт 47 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Архангайд өнөөдрийн билэгт сайн өдөр номын баяр болж байна. Мөн нийтийн номын санг Эрдэнэ бандида Ханчо хамбо Сүрэнхорын Жамъянгаравын нэрэмжит болгосныг зарлалаа. Мөн бидэнтэй хамт ирсэн зохиолчид “Хангайн цом-2021” яруу найргийн наадамдаа оролцож, өнгө аяс нэмж байгаа нь номын баярыг илүү баялаг, онцлог болгож байна.  

Хүүхэд, залуучууд маань ч гэсэн номын баярынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь анзаарагдаж байна. Ер нь хот хөдөө гэхгүй харахад номын баяр дагасан үйл ажиллагаанд хүүхэд, залуучууд маш идэвхтэй оролцож байдаг. Яг л тэр жишгээр хүүхдүүд маань их ирсэн байна. Лекц, сургалтуудад ч гэсэн идэвхтэй суусан. Бид ирээдүйг гэрэл гэгээтэй болгох гэж тэмүүлж байгаа тэмүүлэл маань яг л байгаа оноод л явж байна гэж харж байна.

-Номын баярын нэг хэсэг нь илтгэл, сургалт байна. Ямар чиглэлүүдээр мэдээлэл хийх вэ?

-Нийт есөн илтгэгч ирсэн. Хамгийн чухал нь л гэхэд төрөөс барьж буй номын бодлогын тухай Соёлын яамны мэргэжилтэн, хүүхдийн зохиолч О.Сундуй илтгэнэ. Номын баярын өдрүүдийн зорилт буюу бид юу руу тэмүүлж байгаа вэ гэдэг илтгэлийг би тавилаа. Мөн ном бичихэд бэлэн үү, эсээ бичихэд юуг анхаарах вэ, хувь хүний хөгжил, уран зохиолыг бид яагаад унших ёстой вэ гэхчилэн олон сайхан илтгэлийг хүүхэд, залуучууддаа илтгэнэ. Мэргэжлээ сонгох гэж буй хүүхдэд сэдэл санаа өгнө.

-Энэхүү үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулсны давуу тал нь юу вэ?

-Аймаг болгон өөрсдийн онцлогтойгоор номын баярыг тэмдэглэж байна. Архангай аймгийн хувьд яруу найрагтайгаа хавсарч зохион байгуулж байна. Яг энэ өргөн бүрэлдэхүүнээрээ огт ирж байгаагүй. Номын баярын тухай ойлголтыг одоо л ойлгож, мэдэж байна. Ийм үйл ажиллагаа болдог юм байна шүү гэдгийг бидний очсон аймгууд эхнээсээ мэдэж, дараа нь бид ийм байдлаар зохион байгуулах юм байна гэдэг ойлголтуудыг авч буй нь сайшаалтай байна.

-Номын баярт ирсэн зохиолчид өөрсдийн номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр худалдаж байсан?

-Тийм ээ. Зохиолчид маань өөрсдийнхөө номыг хотод борлуулдаг үнээс хэд дахин хямд үнээр, гарын үсэгтэйгээ худалдаж байгаа. Ойролцоогоор 30-50 хүртэл хувиар хямдарсан байгаа. Номын баяраар орон нутат явж байгаа зохиолчид, баг бүрэлдэхүүн маань аймаг бүрт солигдон очиж байгаа. Өнөөдрийн байдлаар 30 гаруй зохиолч, яруу найрагч, уран бүтээлч явж байна. Хэвлэн нийтлэгч зургаа бий.

Энэ ташрамд хэлэхэд аймгийн хүүхдүүд номонд их дуртай, сонирхож уншдаг, номын баярын үйл ажиллагаанд их идэвхтэй оролцдог учраас хүүхдүүдийн энэ хандлагыг дэмжээд аймаг орон нутагтаа номын баярыг өргөн дэлгэр зохион байгуулж, цаашлаад сайхан том номын дэлгүүртэй болоосой гэж бодлоо. Яагаад гэхээр номын дэлгүүрээ дагаад ном соёлыг түгээх, сурталчлах, зохиолчдыг таниулах зэрэг олон ажлыг хийж болдог. Ирэх жил номын баярыг мөн л зохион байгуулна. Жил бүр хүүхдүүд маань номын баярыг хүлээдэг, хүссэн ном зохиолоо хямд үнээр худалдан авч, зохиолчидтойгоо уулзаж, зөвлөгөө мэдээлэл авах тэр боломжийг бид бүрдүүлж өгөх ёстой юм болов уу гэж бодож байна.

-Дараагийн удаа аль аймагт зохион байгуулах вэ?

Энэ өвлийн аялал Өвөрхангай, Баянхонгор аймгаар дуусна. Тэгээд ирэх хавраас үлдсэн аймгуудаар тойрно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ