Австрали хилээ нээх товоо хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-11-30 15:30:29

КАНБЕРРА. /Reuters/. Австрали улс эрүүл мэндийн байгууллагууд коронавирусний “омикрон” хувилбарын эрсдэлийг үнэлж байгаатай холбогдуулан олон улсын хилээ нээх хугацаагаа 12 дугаар сарын 15 хүртэл хоёр долоо хоногоор хойшлуулахаар болсноо даваа гаргийн орой мэдэгджээ.


Австралийн Засгийн газар хүчин төгөлдөр визтэй гадаадын оюутнууд, ур чадвартай ажилтнууд, Япон, БНСУ-ын жуулчдын хилээр нэвтрэх хязгаарлалтыг энэ долоо хоногийн лхагва гаргаас эхлэн цуцлахаар төлөвлөж байсан юм. Гэвч коронавирусний шинэ хувилбарын талаар илүү их мэдээллийг цуглуулах шаардлагатай болсон тул ийнхүү түр хугацаагаар хойшлуулахаар болжээ.


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “омикрон” хувилбар вакцинуудын үйлчлэлд хэрхэн нөлөөлөх, хүндээр өвчлүүлдэг эсэх, мөн шинж тэмдэг, халдварлах чадвар нь ямар болохыг үргэлжлүүлэн судалж байгаа юм. “Омикрон” хувилбарын талаар Өмнөд Африк Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт анх мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар, уг хувилбар нь Австрали, Их Британи, Канад, Герман зэрэг 10 гаруй оронд бүртгэгдээд байна. 

Холбоотой мэдээ