Бизнесийн ёс зүйн чуулган эхэллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-11-30 09:19:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган” МҮХАҮТ-д эхэллээ. Бизнесийн ёс зүйн төв МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын Үндэсний зөвлөл хамтран цахимаар болон танхимаар зохион байгуулж буй уг чуулганы эхний хэлэлцүүлэг “Бизнес эрхлэгчид хууль, дүрэм, журмаа мөрдөж ажиллахад учирч буй саад бэрхшээл, нөхцөл байдал”-ын талаар болж байна. Гол илтгэлийг “Транспэрэнси интернэйшнл Монгол” ТББ-ын дэд захирал Э.Мөнхжаргал тавьж, "Бизнесийн ёс зүй, шударга байдлын өнөөгийн нөхцөл”-ийн талаарх судалгааны тайланг танилцуулж байна. Удаалаад “Комплаенсын төлөв байдал-2020”-ын судалгааг хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг мөн танилцуулж байна.

Чуулганаар бизнес эрхлэгч нар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, шударга, ил тод, ёс зүйг эрхэмлэн, итгэлцэл, үнэт зүйлсэд тулгуурлаж урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах нь бизнесийн хөгжлийн тулгуур юм гэдгийг хөндөн хэлэлцэж байна. 

Комплаенс гэдэг нь компани, байгууллагын үйл ажиллагаанд үндсэн хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ажил үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн стандартыг баримтлах, гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх тухай ойлголт юм. Мөн дан ганц хууль, эрх зүйгээр хязгаарлагдахгүй шударга байдал, ёс зүйн асуудлыг хамардаг.

Холбоотой мэдээ