Хүнд, нэн хүнд хүний тоо буурахгүй байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-11-29 12:35:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд, нэн хүнд хүний тоо буурахгүй байгааг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж онцлов.


Тэрбээр, “Вакцинжуулалтын мэдээг өдөр тутамд гарган, анализ хийж ажилладаг. Өнгөрсөн тавдугаар сард дархлаажуулалт хамгийн өндөр хувьтай  байсан. Арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар нийслэлийн хүн амын зорилтот бүлгийн 31.1 хувь нь  нэмэлт  тунд  хамрагдаад байна. Өнгөрсөн долоо хоногт 5150 хүн вакцины нэмэлт тунд хамрагдсан. Нэмэлт тунгийн дархлаажуулалт наймдугаар сарын 18-нд анх эхэлсэн бөгөөд иргэдийн идэвх сүүлийн өдрүүдэд сэргэж байна. 25 их, дээд сургуулийн 4541 оюутан, 156 байгууллагын 156.184 хүн, гэрээр 21.066 хүнийг явуулын баг очиж дархлаажуулсан.  Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж буй түр цэгүүдэд 18.214 иргэнийг  дархлаажуулаад байна.

Өнөөдрөөс эхлэн 75 их, дээд сургуульд  38 явуулын баг, 172 суурин цэг,  15 худалдааны төвд түр цэг, нийт дархлаажуулалтын 227 багт 982 эмч мэргэжилтэн ажиллана.  Халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 715 бүртгэгдэж, эмнэлэгт 2994 хүн хэвтэн эмчлүүлж байлаа гэв.

Түүнчлэн шинэ төрлийн вирус өнөөдрийн байдлаар гурван тивийн 7-8 улсад бүртгэгдсэн. Хамгийн сүүлд ОХУ-д Египетээс ирсэн хүнээс илэрсэн болохыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга мэдээлээд, нэмэлт дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаагаа тодотгов.


Холбоотой мэдээ