Өргөн хэрэглээний шатахууны үнийг чөлөөлөх нь зөв байсан уу

Монголын мэдээ | Тойм
uranatuya@gmail.com
2021-11-29 12:44:33


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт өргөн хэрэглээний АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх шийдвэр гарсан.  Энэ даруйд тухайн маркийн шатахуун литр тутамд 100 төгрөгөөр нэмэгдлээ.

Төр шатахууны үнэ тогтоон барихгүй, оролцохгүй. Харин импортлогч аж ахуйн нэгжүүд  зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч жижиглэнгийн үнийг сүүлийн зургаан сарын дундаж үнээр тооцон тогтоож байхаар болов. Гэхдээ ийнхүү үнэ чөлөөлсөн ч өөрчлөлт нэмэгдэл нь нийт үнийн дүнгийн 5 хувь буюу литр тутамд 100 төгрөгөөс хэтрэхгүй, өөрөөр хэлбэл, огцом савалгаа үүсгэлгүйгээр өсгөж бууруулах үүргийг тэд хүлээх юм.


Шатахууны үнийг цаашид зах зээлийн горимд шилжүүлэн үе шаттайгаар чөлөөлөх, ингэхдээ иргэдэд дарамт үүсгэхгүйгээр, зах зээлийн ханштай уялдуулан өсгөж бууруулахаар болж байна. Харин хангамж, нөөц, гадаад болон дотоод зах зээлийн нөхцөл байдал, үнийн талаарх бодит мэдээллийг олон нийтэд хүргэх нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үүрэг байх юм.


Төр өргөн хэрэглээний шатахууны үнэ тогтооход оролцохгүй болно гэдэг нь энэ улсыг шатахуунаар хангах асуудалд хуруу дүрэхээ болино гэсэн үг биш. Энэ салбар бол аль ч талаасаа төр улсын анхаарлын төвд байх ёстой. Шатахууны үнэ, нийлүүлэлт тойрсон асуудал манай улсын мөнхийн халуун сэдвүүдийн нэг. Стратегийн гол бүтээгдэхүүн болох газрын тосны бүтээгдэхүүн зуун хувь импортоос хамааралтай улсын хувьд манай энэ салбар дахь бэрхшээл байнга л ундарч байдаг. Энэ салбарыг хямруулахгүйн тулд төр хувийн хэвшилтэй хамгийн боломжит хэлбэрээр хамтрах нь ч зүйн хэрэг. 2018 оноос  АИ-80, АИ-92 өргөн хэрэглээний шатахуунд онцгой албан татвар ногдуулалгүй ирсэн байдаг. Төр өөрийн боломжит хэмжээнд, тухайн нөхцөлд шаардлагатай арга хэмжээгээ авч байсан нь энэ. 




Тээврийн хэрэгслийн тоо богино хугацаанд нэмэгдсэн, тэр хэрээр шатахуун түлшний хэрэглээ ч огцом өсч байгаагийн хувьд  үнэ чөлөөлөх нь зүй ёсны шаардлага юм. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмаар үнэ тогтоох боломж олгохыг аль эртнээс хүлээж, хүсэлт тавьж байсан билээ. Гэсэн хэдий ч Засгийн Газраас иргэдийн нуруун дээр ирэх ачааг нэг ёсондоо тохиролцооны үндсэн дээр импортлогчдод үүрүүлж байсан гэхэд болно. 


Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн ч аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж, тодорхой хязгаарт үнэ барих нь зах зээлийн зарчмын хувьд учир дутагдалтай байх нь ойлгомжтой. Гэхдээ стратегийн энэ бүтээгдэхүүний үнийг төрийн оролцоотойгоор хязгаарлаж байсныг буруутгах үндэслэл бас үгүй юм. Угаас зуун хувь импортоос хамааралтай, үнэ өсөлт нь дотоодын зах зээл дээр шууд дарамт болон орж ирдэг энэ салбарыг иргэдийн амьдралд халгаатай хэмжээнд хүргэхгүй байх нэг гарц болж байсан болохоор тэр.


2021 оны 11 дүгээр сарын байдлаар шатахууны хил үнэ тонн тутамдаа 830 ам.доллар байгаа нь хил үнэ литр тутамдаа 1785 төгрөг гэсэн үг. Үүн дээр гаалийн албан татвар, шатахууны албан татвар, нэмүү өртгийн албан татвар, үйл ажиллагааны зардал нэмэгдээд шатахууны нийт өртөг литр тутамд 2405 төгрөг болж байгаа тооцоо байна. Импортлогчдын хувьд өргөн хэрэглээний АИ-92 шатахууны литр тутмаас хүлээж буй алдагдал нь 350-400 төгрөг гэсэн тооцоо байна. Импортоос шууд хамаардаг, инфляцид шууд нөлөөлдөг энэ салбарыг хэвийн авч явахад тун бэрх. Шатахууны хангамжийг тасалдахгүй хэвийн байлгахын тулд тухайн салбарынхан алдагдалгүй байх ёстой болно. Үүний тулд үнэ зах зээлийн горимоор явах нь зүй ёсных.


Зарим улс орнууд нефтийн стратегийн нөөцөөсөө гаргах хэмжээнд хүрч байгаа. Саяхан Япон, АНУ нефтийн үнийг тогтворжуулах зорилгоор стратегийн нөөцөөсөө гаргахаар болсон. Их Британи, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг хэд хэдэн улс ийм алхам хийнэ гэж байгаа. АНУ-ын хувьд 50 сая торх нефтийг стратегийн нөөцөөсөө гаргах болсон нь тухайн улсын түүхэн дэх хамгийн ихээр гаргаж байгаа тохиолдол.


Газрын тосны стратегийн нөөцийг дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг зэрэг онцгой аюултай нөхцөл үүссэн үед тухайн улсын ерөнхийлөгч, дээд албан тушаалтны зарлигаар гарган зарцуулдаг. Энэ нөөцөө гаргаж байна гэдэг бол уг салбарын хямрал, үнийн өсөлт зөвхөн манайд ч бус дэлхий даяарх асуудал болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зөвхөн өнөө маргааш хөл дүүжлэх унаандаа балга бензин хийх асуудал биш боллоо.




Манайх хэдэн жилийн дараа газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэж буй. Аль тэртээ 30 жилийн өмнө л яригдаж байсан газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийн ажил эхлээд гурав дөрвөн жил болж байна. Энэ үйлдвэр баригдсан ч шатахууны нөөц, түүхий тосны стратегийн нөөцийн аль алинд нь нэн их анхаарахыг салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Хэрэв түүхий тосны нөөцгүй боллоо гэхэд шатахууны үйлдвэр ердөө л нэг байшин сав л гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэг сар, нэг жилийн дараах асуудал биш.  


Газрын тосны бүтээгдэхүүний хараат байдал Монголыг бүхэлд нь хөдөлгөж, зогсоож, бухимдуулж, үнийн дарамтад оруулж, инфляцийг тэнгэрт гаргаж чаддаг. Энэ бол хараат байдлын хууль л үйлчилж байгаа хэрэг. Үнийг чөлөөт зах зээлийн жамаар бус, хууль журмаар тогтоох нь маш буруу гэж эдийн засагчид үздэг. Бараа үйлчилгээний үнэ хамгийн оновчтой тогтох хөрс нь чөлөөт зах зээл юм. Үнэ чөлөөлснөөр нөөц хангамжийн асуудлыг импортлогчид өөрсдөө хариуцна. Тэд хүртэж буй ашгийнхаа хариуцлагыг өөрсдөө үүрэх хэрэгтэй болдог. Төр үнэ хязгаарлалтад оролцож байгаа нь эдийн засгийг хямруулахад хүргэж байна гэсэн шүүмжлэлийг ч дагуулдаг.


Ер нь үнэ тогтворжуулан барих төрийн бодлого нь эцэстээ төр өөрөө өртэй, сандаа мөнгөгүй болоход хүргэдэг аюултай. Одоо шатахуун импортлогчид нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр дээшээ багахан хөдөлбөл үнээ нэмээд харин доод түвшиндээ очсон ч өссөн үнээрээ хэрэглэгчдэдээ хатуурхан ханддаг хуучин муу зангаа хадгалахгүй байх гэж найдна. 




Холбоотой мэдээ