“Өсвөрийн парламент”-ыг байгууллаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-11-26 18:17:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатын санаачилгаар “Өсвөрийн парламент”-ыг Дархан-Уул аймагт анх удаа байгуулж байна. Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын ёс, ялангуяа орон нутгийн дээд байгууллага болох Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, түүний бүтэц, зохион байгуулалт, ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй шийдвэр үйл ажиллагаа ард иргэдийн амьдралд хэрхэн тусгалаа олдог, ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчдийн үүрэг оролцооны талаар сурагчид, залуу үеийнхэнд сурталчлан таниулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой ажээ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дэргэдэх “Өсвөрийн парламент”-ыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилсан “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан Дархан-Уул аймгийн гурван сурагч болон ерөнхий боловсролын ахлах ангийн 15 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан аж. “Өсвөрийн парламент”-ын төлөөлөгчөөр сонгогдсон сурагчид, багш нартай лхагва гарагт аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат уулзалт хийж, үнэмлэх, гарын авлага материалыг гардууллаа.

Тэрээр “Өсвөрийн парламент нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан, хуралдааны дэг, үйл ажиллагааны талаар өсвөр үе хүүхэд, залуучуудад таниулах, хүний эрхийн боловсрол, ардчиллын үнэт зүйлсийг танин мэдэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бүтээлч оролцоотой иргэн төлөвшүүлэх, хүүхдийн эрхийн асуудлаар орон нутгийн шийдвэр гаргах түвшинд хүүхдүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой хэмээн онцолж хэлсэн юм.

“Өсвөрийн парламент”-ын Төлөөлөгчдийг бэлтгэх ажлыг шат дараатайгаар зохион явуулах бөгөөд үүнд “Хүний эрх гэж юу вэ? Хүний эрхийг хамгаалах арга зам”, Илтгэх урлаг, судалгаа хэрхэн хийх вэ?, “Хүүхдийн эрх”, “Эрсдэлгүй Дархан”, “Өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх”, “Хар тамхи, мансууруулах бодис түүний хор уршиг” зэрэг 5 чиглэлээр сургалтад хамруулж, Орон нутагт тулгамдаж буй хүүхдийн эрхийн асуудлаар судалгаа хийж, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох талаар санал бодлоо нэгтгэн хэлэлцүүлэг хийж, Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцах, дадлага хийх зэргээр Төлөөллийн байгууллагын тухай тодорхой ойлголт мэдлэгтэй болгоход анхаарах юм.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дэргэдэх “Өсвөрийн парламент” анхдугаар чуулганаа 2021.12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

 

Холбоотой мэдээ