Замын-Үүд-Эрээн боомтын ачаа шилжүүлэн ачих хоёр талын туршилтыг хойшлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд-Эрээн боомтын ачаа чингэлгийг хилийн тэг цэгт шилжүүлэн ачих хоёр талын туршилтын талбайг дахин засах шалтгаанаар түр хойшлуулаад байна.
Ачаа шилжүүлэн ачих туршилтыг өчигдөр эхлүүлэхээр тохирсон байсан бөгөөд энэ сарын 20-нд Хятадын тал дангаараа туршсанаар талбайг дахин засах шаардлагатай гэж үзжээ. Тус шилжүүлэн ачих талбайг байгуулснаар хилийн боомтын ачаа тээврийн эргэлтийг сэргээх боломжтой юм.
Ташрамд дурдахад, Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу энэ сарын 20-ноос эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулсан юм. Ингэхдээ, Цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэж, биеийн халуун хэмжихээс гадна 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байна. Мөн иргэд олноор цуглах баар, караоке, саун, бассейн, кино теар зэрэг газруудыг түр хугацаагаар ажиллахыг хязгаарласан.
Хотын нэвтрэх хөдөлгөөнийг 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн иргэдэд нээсэн. Улмаар энэ сарын 22-ноос эхлэн дотоодын, түүнчлэн Эрээн-Улаанхад, Тунляо, Шилийн хот, Хөх хот чиглэлийн, 29-ний өдрөөс Бээжин чиглэлийн нислэгийг нээхээр төлөвлөсөн байна.