Хятадын Коммунист намын ХХ их хурлын 2300 төлөөлөгчийн сонгон шалгаруулалт эхэллээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-11-22 16:35:16

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-11-ний өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдсан Хятадын Коммунист намын /ХКН/ 6-р бүгд хурлын үеэр ирэх оны хоёрдугаар хагаст намын 20-р их хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Иймээс намын 20-р их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгон шалгаруулах ажил эхлээд байгаа ба ирэх оны 6-р сарыг дуусахаас өмнө хурлын 2300 төлөөлөгчийг сонгох төлөвтэй байна.

    ХКН-ын дүрмийн дагуу, 2300 төлөөлөгчийн 15-аас багагүй хувь нь өмнөх хоёр удаагийн их хурал буюу 18, 19-р их хурлын төлөөлөгчид дахин сонгогдох юм.

    Ийнхүү төлөөлөгчдийн сонгуулийн ажил эхэлснээр ХКН албан ёсоор намын 20-р их хурлын “цаг үе”-д шилжиж байгааг илэрхийлж байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэ удаагийн их хурлын төлөөлөгчдийн сонгон шалгаруулалтын зарчим өмнөх хоёр удаагийн их хурлынхтай ижил байдлаар явагдана.

    Тодруулбал, их хурлын төлөөлөгчдийг улсын хэмжээнд 38 сонгуулийн нэгжээс сонгон шалгаруулах юм. Улмаар эдгээр 2300 төлөөлөгч дундаас Төв хорооны шинэ гишүүд, ХКН-ын шинэ удирдлага бүрдэнэ.

    Төлөөлөгчдийг сонгон шалгаруулах хамгийн гол шалгуур бол улс төрийн мэдлэг, ойлголт байх ба мөн тухайн хүний шударга байдлыг голчлон анхаарах аж.

    Ташрамд дурдахад, намын 19-р их хурлын өмнө ХКН-ын гишүүдийн тоо 88 сая орчим байсан бол энэ оны 6-р сарын 5-ны байдлаар ХКН-ын гишүүдийн тоо 95 сая гаруйд хүрч нэмэгджээ.

             

Холбоотой мэдээ