Саудын Арабад тоглолт хийхгүй байхыг Ж.Биберт уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-11-22 14:18:05

ЭР-РИЯД. /BBC/. Канадын дуучин Жастин Биберт Саудын Арабад ирэх сард хийх тоглолтоо цуцлахыг амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн сүйт бүсгүй уриалжээ.


Ж.Бибер нь Саудын Арабад анх удаа зохион байгуулах “Формула 1” гранпри тэмцээний үеэр үзүүлбэр үзүүлэх дуучдын нэгээр тодроод байгаа юм. Гэвч Ж.Хашоггийн сүйт бүсгүй Хатиже Ченгиз дуучинд хаягласан нээлттэй захидалдаа уран бүтээлээ толилуулахаас татгалзан “хүчтэй дохио илгээхийг” уриалсан байна.


Саудын Арабын дэглэмийг хүчтэй шүүмжлэгчдийн нэг байсан Ж.Хашогги нь 2018 оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт амиа алджээ. Тэрбээр гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэхээр тус газар луу орсныхоо дараа сураггүй болсон юм.  


“Хайрт Жамалийн минь амь насыг хөнөөсөн хүмүүсийн төлөө дуулах хэрэггүй” гэж Х.Ченгиз захидалдаа бичсэнийг “Washington Post” сонинд уламжилжээ. Ж.Бибер нь Саудын Арабад 12 дугаар сарын 5-нд A$AP Rocky, Дэвид Гетта, Жейсон Деруло нарын уран бүтээлчдийн хамт хамт үзүүлбэр үзүүлэхээр товлоод байгаа ажээ.


Мөн хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Human Rights Watch” олон улсын байгууллага Ж.Бибер тэргүүтэй алдартнуудад “Формула 1”-ийн тоглолтод оролцохгүй байхыг уриалаад, ийм төрлийн үйл ажиллагааг Саудын Арабын хүний эрхийн зөрчлөөс олны анхаарлыг сарниулах зорилготой хэмээн тодорхойлжээ. 

Холбоотой мэдээ